Ким Жөн Ун нас барсан гэх цуурхал хаанаас гарав?

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-30 16:43:49

ЛОНДОН. /BBC/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хоёр долоо хоног гаруйн хугацаанд олны өмнө гараагүйн зэрэгцээ түүний сүүлд татуулсан зураг, дүрс бичлэг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 4 дүгээр сарын 11-нээс хойш тавигдаагүй юм. 


Гэвч удалгүй БНСУ, Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр БНАСАУ-ын удирдагч хүнд өвчин туссан, түүгээр ч үл барам түүнийг нас барсан гэх мэдээллүүд гарах болсон юм. Хамгийн сүүлд иймэрхүү цуурхал 2014 онд гарч байжээ. Тэр үед Ким Жөн Ун сар гаруйн хугацаанд олны өмнө үзэгдээгүй аж.


Хамгийн хаалттай орнуудын нэг болох БНАСАУ-д болж буй үйл явдлын талаар болон тус улсын талаарх хуурамч мэдээллийг хэрхэн ялгаж, мэдэх талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Константин Асмолов, Лондонгийн их сургуулийн дэргэдэх Дорно дахин, Африк судлалын сургуулийн Солонгос соёлын мэргэжилтэн Кит Хауэрд, Сөүлийн Кунминий их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Федор Тертицкий нар тайлбар өгчээ.  


Ким Жөн Унд юу тохиолдов?


Кит Хауэрд: Хоёр Солонгосын хилд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглах нь маш чухал юм. БНАСАУ цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлж байвал ямар нэгэн зүйл болж байна гэсэн үг. Одоогоор иймэрхүү зүйл ажиглагдаагүй билээ.


Нөгөөтэйгүүр, өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Ким Жөн Ун анх удаа оролцсонгүй. Ким Ир Сений үйл хэргийг үнэнчээр үргэлжлүүлэх нь түүний үндсэн зарчим билээ. Мөн тэрбээр биеэ яг өвөө шигээ авч явдаг. Тухайлбал, цагаан морь унаж, Пэктусан ууланд гардаг. Гэсэн хэдий ч өвөөгийнхөө мэндэлсэн өдрийн ёслолын арга хэмжээнээс гадна бусад арга хэмжээг алгасаж байгаа нь хэвийн зүйл яавч биш.


Тийм учраас Ким Жөн Ун өвдөж, хагалгаа хийлгэснийхээ дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Нөхцөл байдал илүү ноцтой байсан бол бид анзаарах л байсан болов уу. Жишээ нь Пёньяны эргэн тойрны аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах байсан биз. Гэсэн ч ийм зүйл болоогүй.


Константин Асмолов: Тэрбээр эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа. Гэхдээ үхлийн аюултай өвчин биш гэдэг нь тодорхой. Ким Жөн Ун чихрийн шижинтэй, тамхи татдаг. Үүнээс гадна түүний эрхэлдэг ажил нь стресс ихтэйг харгалзан үзвэл түүнийг өвдсөн гэхэд хэлсдэхгүй юм.


Түүнийг нас барсан тухай гашуудлын мэдээг харах хүртлээ бид Ким Жөн Уныг эсэн мэнд байгаа гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, шинээр татуулсан гэрэл зургууд, дүрс бичлэгүүдийг нь харахаас нааш түүний бүх зүйл хэвийн байгаа гэж үзэх боломжгүй юм. 


Федор Тертицкий: Ким Жөн Унд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй. Сүүлийн үед дуулсан хамгийн сонирхолтой зүйл гэвэл БНАСАУ-ын “Нодон Синмун” сонинд Ким Жөн Ун ӨАБНУ-ын Ерөнхийлөгчид баяр хүргэсэн цахилгаан илгээсэн тухай мэдээлэл гарсан явдал юм. Баримт бичигт Ким Жөн Ун гарын үсгээ үлдээсэн байхыг бодоход амьд мэнд байгаа бололтой.


Ерөнхийдөө улс орны удирдагчдын нас барсан талаарх мэдээлэл маш хурдан гардаг. Сталин нас барсан талаарх мэдээлэл маш хурдан гарч байсан. Харин БНАСАУ-ын хувьд Ким Ир Сен нас барсан тухай мэдээлэл түүнийг нас барсны дараагийн өдөр нь гарсан юм. Ким Чен Ирийх ч мөн адил. Ким Жөн Ун нас барвал бид энэ талаар маш хурдан олж мэдэх байх.


БНАСАУ-ын талаар ямар мэдээлэлд итгэх вэ?


Константин Асмолов: Эх сурвалжуудын хувьд нарийн тодорхой шалгуурууд гэж бий. Бидэнд мэдэгдэж болохгүй нууц мэдээлэгчидтэй гэх байгууллагууд болон нэрээ дурдаагүй эх сурвалжуудын мэдээлэл нотолгоо баримтгүй байдаг учир      “цуурхал” байх магадлал маш өндөр.  


Федор Тертицкий: БНАСАУ албан ёсны мэдэгдэл хийхээс нааш тус улсын удирдагч нас барсан тухай мэдээлэлд би итгэхгүй. 2011 онд Ким Чен Ир нас барсан байсныг хэн ч гадарлаагүй байсныг би тодхон санаж байна.


Ерөнхийдөө итгэл найдвар илүү хүлээсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Тухайлбал, БНСУ-ын “Daily NK” сонин. 2000-аад оны дундаар тус сонины газар БНАСАУ-д салбараа байгуулсан бөгөөд энэ газар нь хар зах дээрх юанийн ханш, эрдэнэ шишийн үнэ зэрэг үнэн зөв төдийгүй ховор сонин мэдээллийг хүргэдэг. 


Японы хэвлэлүүдэд итгэхэд бэрх. Учир нь тус улсын хэвлэлүүдээрх Умард Солонгосын талаарх мэдээллийн шалгуур үзүүлэлтүүд маш доогуур байдаг. Харин “NHK” телевизийн БНАСАУ-н талаарх мэдээлэл харьцангуй сайн байдаг.


Кит Хауэрд: БНСУ-ын Засгийн газар мэдэгдэл хийх нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүүдээр мэдээлэл түгээхээс өөр хэрэг юм. Тус улсын Засгийн газар БНАСАУ-д болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Японы хувьд ч мөн адил. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бус Засгийн газрын мэдэгдэл нь найдвартай эх сурвалж байж чадах юм. Тийм учраас БНСУ, Япон улсын эрх баригчид албан ёсны мэдэгдэл хийгээгүй л бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа мэдээллүүдийг тоох хэрэггүй.


Залгамж халаа нь хэн байх бол?


Кит Хауэрд: Сүүлийн долоо хоногуудад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон энэ асуултад илүү хамааралтай байгааг бид харж байна. Харин Ким Жөн Уны том ах Ким Чен Чоль эрх мэдлийн араас хөөцөлддөггүйгээс гадна тэрбээр олны өмнө үзэгдээгүй удаж байна.


Үүнээс гадна Ким Жөн Уны эцэгт нэгт ах Ким Пен Илийн талаарх мэдээллүүд хэвлэлүүдээр гарах болсон. Тэрбээр Европт удаан хугацаагаар дипломатчаар ажилласан. Гэсэн хэдий ч түүнийг үеэ өнгөрөөсөн гэж үзэж байна.


Мэдээж удирдагч Ким Жөн Уны үр хүүхдүүд жоохон байгаа учир залгамж халааг нь авах боломжгүй. 2011 онд Ким Жөн Ун эцгийнхээ халааг авахын өмнө удаан бэлтгэгджээ. Түүний эцэг Ким Жөн Ир 2008 онд цус харвасан гэдэг.


БНАСАУ-д нөхцөл байдал өөрчлөгдвөл улс төрийн товчоо санаачилгыг гартаа авч магадгүй юм. Цэргийнхэн хүлээн зөвшөөрч байгаа учраас л Ким Жөн Ун төрийн эрхэнд байгаа. Тэрбээр олон цэргийг албан тушаалаас нь зайлуулж, цэвэрлэгээ хийсэн хэдий ч цэргийнхнийг дутуу үнэлж болохгүй.


1994 онд БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений залгамж халааг Ким Жөн Ир авах үед цэргийнхэн сэтгэл дундуур байжээ. Тийнхүү Ким Жөн Ир дээд удирдагч болоход 2 орчим жил шаардагдсан байна. Сонирхолтой нь энэ үед БНАСАУ-д ардын олон дуу гарч ирсэн хэдий ч эцэг, хүү, цэргүүд алийг нь магтан дуулахаа хэн нь ч мэдээгүй.


Константин Асмолов:  Бид хийсвэр онол гаргах боломжтой хэдий ч ийм зүйл болно гэдгийг яг таг хэлж мэдэхгүй.


Залгамжлагчийг хүлээн авахад бэлтгэж байгаа шинж алга. Ким Жөн Ун залгамж халааг авах үед тусгай дуу, зохих нийтлэлүүд гарч байсан юм. Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон төрийн эрхэнд гарахаар байсан бол түүнд ямар нэгэн нэр зүүх эсвэл бидэнд “эмэгтэй удирдагч” бий гэсэн дохиог өгөх байсан юм.


Ким Жөн Ун төрийн эрхэнд гарахаар бэлтгэх үед нөхцөл байдал ямар байсныг санах хэрэгтэй. 1 жил 6 сар үргэлжилсэн уг бэлтгэлийн үеэр залуу генералийн тухай дуу гарч, Ким Жөн Ун эцгийнхээ хажууд байнга харагдах болсон билээ.


Федор Тертицкий: Дийлэнх академи Ким Жөн Уны залгамжлагчийг түүний эмэгтэй дүү Ким Ё Жон гэж харж байна. Гэсэн ч түүний дүү зөвхөн улс төрийн товчооны гишүүнд нэр дэвшигч юм. Улс төрийн товчооны гишүүдийн нэг нь намын даргын суудлыг авах боломжтой.

Холбоотой мэдээ