Өрхийн тариалангийн өнгө төрх

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-05-05 15:26:32

Энэ хаврын тариалалтад мэргэжлийн багууллагууд ач холбогдол өгч “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс агро зөвлөмж гаргажээ. Өрхийн тариалан гэхээр байцаа, лууван, манжин гээд төрөл бүрийн хүнсний ногоо тарих тухай ойлголт гарч  ирдэг. Энэ хүрээнд ч дээрх уриа гарч ирсэн биз. Улсын хэмжээнд хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг 14,728 өрх байна. Өрхийн тоог Үндэсний статистикийн хороо аймаг, нийслэл, сум, дүүрэг баг, хороо тус бүрээр нь гаргажээ. Нийслэлд  1369 өрх хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг аж. Тэгвэл Дархан (Дархан- уул аймаг) хотод хамгийн олон буюу 3312 өрх төрөл бүрийн хүнсний ногоо тарьдаг гэсэн мэдээлэл байна. Улаанбаатар хотоос Дархан бол хүн ам, өрхийн тоогоор хамаагүй цөөн. Гэтэл хүнсний ногоо тарьдаг өрхийн тоогоороо нийслэлийг ардаа орхисон байх жишээтэй. Зах зээлийн хувьд ч нийслэл Дарханыг дагуулахгүй. Гэвч дарханчууд хүнсний ногоо тарих өрхийн тоогоор улсын хэмжээнд толгой цохиж байна. Улсын хэмжээний хүнсний ногооны тарьсан талбай, хураасан ногооны 75 хувь (ойролцоогоор)-ийг  өрхийн тариалан эрхлэгчид эзэлдэг байна. Өрхийн ногоочид 6677 га талбайд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж, тэндээс 76,613 тн хүнсний ногоо хураан авчээ. Харин энэ жил хүнсний ногоо тарих талбайг 3000 га-гаар нэмэн 11000 га-д хүргэхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөлтийн хүрээнд хүнсний ногоо тарих өрхийн тоо өсөх магдлалтай гэж ойлгож болно.


Ер нь өрх бүр өөрийн хэрэгцээг хангахаас гадна зах зээлд хамгийн хурдан өндөр үнээр борлох хүнсний ногоог сонгон тарих учиртай. Энэ талаар “танд бага зэрэг ашиглаагүй газар байхад, гэр бүлийн хэрэгцээнд эсвэл өрхийн орлогоо нэмэх чиглэлээр ногоо тарих  боломжтой. Зорилго ямар  байх нь хамаагүй. Харин та хүнсний ногоо тарих гэж байгаа бол  эхний ээлжинд үрээ суулгах хөрсөө боловсруулна. Мөн газар хагалагч, боловсруулагч, тариалагч, анжис зэрэг ажлын шаардлагатай багаж хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Гэхдээ заавал зээлээр болон бэлнээр  худалдан авах  гэж зүтгэх хэрэггүй. Аль болох гарын доорх материалаар өөрөө хийх гэж оролдоорой. Хамгийн бага үнээр хэрэгцээний багаж хэрэгсэлтэй болох нь  чухал. Гэхдээ мөнгөө зөвхөн хэрэгцээт багаж хэрэгсэлдээ зарцуулаарай. Эхэн үедээ хэрэглэхээргүй багаж хэрэгсэлд багагүй мөнгө зарцуулах явдал гардаг” гэж мэргэжилтнүүд болон туршлагатай ногоочид заан зөвлөж байна.


Хүнсний ногоо төрөл сортоосоо хамаарч тарихад өөр өөрийн онцлогтой аж. Тухайлбал лууванг хөрсний хүчиллэг 6-7 хувьтай байхад тарина. Гэхдээ үрийг хэт гүн суулгахгүй. Хөрсөнд хоорондоо 2.5 см зайтай суулгадаг байх жишээтэй. Мөн сонгиний үрийг сайтар цэвэрлээд 30 см гүн нүхэнд суулгана. Үрийг хортон шавьжаас хамгаалахын тулд шавьж устгагч цацах бөгөөд хөрсийг долоо хоног бүр 2.5 см гүн услах хэрэгтэй. Ийм зөвлөгөө хүнсний ногоо тарих туршлагатай өрхүүдэд  өгөх нь илүүц. Харин өрхийнхөө болон өөрийн хэрэгцээг хангах, улмаар зарим хэсгийг нь илүүчлэн зах зээлд борлуулах гэсэн шинэ өрхийн тариаланчдад илүүдэхгүй болов уу гэдэг үүднээс дээрх зөвлөмжийг иш татлаа.


Ер нь өрхийн тариалангийн өнгө төрхийг өнгийн үзвэл өсөж дэвжих, айл өрхийн амжиргааг дээшлүүлэх олон тулгуурын нэг  болж байгаа нь ажиглагдав. Та  ч гэсэн өрх гэрийнхээ хүнсэнд нэмэр болох үүднээс хүнсний ногоо тариад үзээрэй. Үр ашиг нь хурдан гарахгүй ч ирээдүйд өгөөжөө өгөх нь ойлгомжтой. Тэгээд ч өрх бүрийн эрхлэх ёстой аж ахуйн нэг нь яахын аргагүй хүнсний төрөл бүрийн ногоо тарих ажил мөн.

Холбоотой мэдээ