БНСУ-д зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлууд бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-06 10:13:26

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тус улсад сүүлийн гурван хоног дараалан дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, мягмар гарагт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10806-д хүрчээ. Даваа гарагт тус улсад гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хоёр сар гаруйн хугацаанд өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болжээ.


БНСУ-д гуравдугаар сарын эхнээс баримталж эхэлсэн зайнаас харилцах хатуу дүрмийг лхагва гаргаас цуцалж эхлэх шийдвэр гарсан бөгөөд тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёрдугаар сарын 29-нд хамгийн өндөр буюу 909-т хүрснээс хойш аажмаар буурч, нэг оронтой тоонд хүрсэн нь энэ юм.


БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараа долоо хоногоос үе шаттайгаар хичээлдээ явж эхэлнэ. БНСУ-д энэ сарын 5-ны байдлаар халдварын улмаас 255 хүн нас барж, 9333 хүн эдгэрчээ. Мөн халдварын голомт болох Дэгү хотод гурван өдөр дараалан шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. БНСУ-д илэрсэн нийт халдварын тохиолдлын 64 хувь нь тус хотод бүртгэгдсэн юм.


Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хөл хорионы удирдамжуудыг сулруулж байгаагийн зэрэгцээ халдварын улмаас тогтоосон түгшүүрийн хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшнийг бууруулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Хэдийгээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж байгаа боловч БНСУ цар тахлын эсрэг тэмцэлд ялан дийлсэн гэсэн үг биш гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Мөн вакцин гарган аваагүй байгаа тул цар тахлын өөр нэгэн давлагаа бий болж магадгүй гэдгийг анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ