“Бүхнийг ялалтын төлөө” зориулсан монгол түмэн

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-05-07 09:42:56

Дэлхийн II дайны гол талбар болох Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны түүхт 75 жилийн ой бямба гарагт тохиож байна. Энэ дайн ЗХУ ба БНМАУ-ын түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээж, Зөвлөлт-Монголын ард түмний нөхөрлөл бат бэх гэдгийг харуулсан асар том сорилт болсон юм.


Нацист Германы арми ЗХУ-д халдан довтолсон тэр өдөр буюу 1941 оны 6 дугаар сарын 22-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөл хамтран яаралтай хуралдаж, итгэлийг эвдэн халдан довтолсон фашистын түрэмгийлэгчдийн үйлдлийг эрс жигшин эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн хамт 1936 онд байгуулсан “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд харилцан туслалцах тухай протокол”-оор хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, дайныг ялалтаар дуусгахад нь ЗХУ-д бүхий л нөөц бололцоогоо ашиглан туслахаа мэдэгджээ. Энэ нь Монгол Улс фашизмын эсрэг эвсэлд оролцохоо дэлхий даяар хамгийн түрүүнд албан ёсоор зарласан улс мөн гэдгийг нотолж байна.


Дайн эхэлсний маргааш өдрөөс Монголын ард түмэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг өрнүүлж, 4 жилийн дайны туршид байлдаж буй Зөвлөлтийн армийн гүн ар тал болон ажиллаж байлаа. 


“Хувьсгалт Монгол”, “Монгол ард” ба бусад


Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод илгээж байжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулсан анхны бэлгийн цувааг илгээсэн бөгөөд түүнд 15 000 цэргийг иж бүрэн хангах хэмжээний хувцас байв. Энэ бэлэг Москвагийн районд -40 хэмийн хүйтэнд Германы цэргийг бутцохиход тус нэмэр болсон нь дамжиггүй.


Түүнээс гадна, Улаан армид бэлэглэх 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” цувааг эмхлэн бүрдүүлэхийн тулд Монголын ард иргэд нийтээрээ идэвхийлэн хөрөнгө мөнгө хандивлаж, 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 мянган америк доллар цугларсныг БНМАУ-ын засгийн газар ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд шилжүүлсэн байна. Байлдаж буй Зөвлөлтийн дайчдад монголчуудаас бэлэглэсэн өөр нэгэн төрлийн байлдааны техник бол “Монгол ард” эскадрилийн нисэх онгоцууд юм. “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн тус эскадриль Дорнод Европын улс орнуудыг Гитлерийн булаан эзлэгчдээс чөлөөлөх байлдааны үүргийг амжилттай биелүүлжээ. Дашрамд дурдахад, Францын эсэргүүцлийн хөдөлгөөний сайн дурын нисгэгчдээс бүрдсэн “Нормандия-Неман” сөнөөгч онгоцны хороог эс тооцвол “Хувьсгалт Монгол” танкийн бригад бол Улаан армийн бүрэлдэхүүн дэх гадаадын хөрөнгөөр байгуулагдсан анхны нэгтгэл юм.


53 танк, 12 онгоц гэдэг бол ЗХУ-д үйлдвэрлэсэн болон холбоотон гүрнүүд болох АНУ, Их Британиас ленд-лизээр нийлүүлж байсан зэвсэг техникийн тоотой харьцуулахад өчүүхэн цөөн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ монголчуудын нийлүүлсэн стратегийн ач холбогдолтой зарим төрлийн бараа бүтээгдэхүүн тоо хэмжээний хувьд АНУ, Англиас нийлүүлсэнтэй дүйцэхээр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Дэлхийн II дайны үед 132 сая хүн амтай байсан АНУ, 51 сая хүн амтай байсан Их Британи улсын эдийн засгийн хүчин чадлыг 800 мянга орчим хүн амтай БНМАУ-тай харьцуулахын аргагүй. Гэсэн хэдий ч дайны жилүүдэд америкчууд ЗХУ-д 665 мянган тонн консерв нийлүүлсэн бол Монголын малчид үүнтэй ойролцооны хэмжээний буюу 500 мянга орчим тонн мах нийлүүлсэн гэх баримт бий. Бүр нарийвчилсан мэдээллээр, дайны 4 жилд Монголоос ЗХУ-д 700 мянган толгой үхэр, 5 сая орчим бог мал нийлүүлсэн ба фронт даяар алдартай “Бийскийн тушенк”-ийг монгол малын махаар хийдэг байжээ. Монголоос нийлүүлсэн 64 мянган тонн ноосоор Улаан армийн цэргийн 5 шинель бүрийн нэгийг нь хийж байснаас гадна олон арван мянган ширхэг савхин болон нэхий хувцсыг фронтод бэлэг болгон илгээж байжээ. Харин АНУ 54 мянган тонн ноос нийлүүлсэн гэх тоо бий. 


Түүнээс гадна, Германы “Барс”, “Ирвэс” танкуудын хуягийг цөм цохиж чадах их бууны сумыг хийхэд вольфрам буюу гянтболд гэдэг металл нэн хэрэгцээтэй байсан бөгөөд ЗХУ-д хамгийн ойр орших цорын ганц орд Монголд байжээ. Энэ мэт олон баримтыг ялалтын 70 жилийн ойн баярын үеэр Оросын сайтууд мэдээлж байсныг уншигчиддаа дахин хүргэлээ. 


Берлин хүрсэн монгол морьд


Зөвлөлтийн Улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх нь фронтод туслах ажлын нэгэн чухал хэсэг байлаа. Монголын малчин ардууд дайны жилүүдэд фронтод нийтдээ 485,000 морь худалдаж, 32,538 шилдэг хүлгээ бэлэглэжээ.


Хэдийгээр дэлхийн II дайнд оролцсон улсуудын армиуд зохих түвшинд механикжсан байсан боловч Дорнод фронтын шавар шавхайтай замд зэвсэг техник, сум хэрэгслийг зөвхөн агт морьдоор зөөдөг байсан. Дайн эхэлснээс хойших нэг жилийн дотор Улаан арми нийт агт морьдынхоо тал гаруй хувийг алдаж, 9 сая адуу үлдээд байсны ихэнх нь нас бие гүйцээгүй байжээ. Энэ хүнд хэцүү үед ЗХУ-ыг агт морьдоор хангаж чадах улсууд гэвэл Монгол, АНУ хоёр л байв. Гэтэл америк морьдыг далайгаар тээвэрлэн авчирна гэдэг нь маш хүндрэлтэй, бараг боломжгүй байсны дээр хөрөнгөтөн нийгэмд агт морьдыг эздээс нь хямд үнээр худалдан авна гэж санахын ч хэрэггүй байлаа. Ийм учраас Зөвлөлтийн БНУ-уудыг эс тооцвол адуу нийлүүлж чадах цорын ганц газар нь Монгол байсан юм.

Монгол малчдын бэлэглэсэн 32 мянган морь дайны байдлын үед 6 морин дивизийг эмхлэн бүрдүүлэхэд хангалттай байсан бол Улаан армид ашиглаж байсан 5 морь тутмын нэг монгол адуу /517,5 мянга/ байсан гэх баримт бий. Бэлэн зэлэн жүчээ, арчилгаа маллагаа шаарддаггүй, өвс тэжээлээ өөрөө олоод идчихдэг, тэсвэртэй, өл сайн даадаг шандаст монгол морьд дайны хүнд хүчрийг үүрсэн талаар Зөвлөлтийн генерал И.А.Плиев дурсан ярихдаа “тэсвэртэй монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрсэн” гэсэн байдаг. Америкаас ленд-лизингээр нийлүүлсэн 375 мянган автомашин Улаан армийн маневрлах чадварыг сайжруулсан гэж ярьдаг бол 500 мянга гаруй монгол адуу ялалтанд хувь нэмрээ оруулжээ.  Монголчуудын адууны  “ленд-лиз” нь маш цагаа олсон чухал тусламж байсан бөгөөд фронт дахь зүтгэх хүчний дутагдлыг нөхөж чадсан гэдгийг Оросын нийтлэлч Алексей Волынец онцолж байна.



Монгол Ардын Хувьсгалт цэрэг


Монголын ард түмнээс үзүүлсэн сэтгэл санаа, эд материалын тусламжаас гадна Монгол Ардын Хувьсгалт цэрэг буюу Монголын зэвсэгт хүчнээс ялалтанд оруулсан хувь нэмрийг мартаж боломгүй. Учир нь, Гитлерийн арми ЗХУ-д халдан довтолсноос хойш милитарист Японы цэргүүд Зөвлөлтийн Алс Дорнод руу дайрах магадлал улам өндөр болсон учраас Алс Дорнод ба Дорнод Сибирийн районд Зөвлөлтийн 1 сая хүнтэй арми байрлаж байв. Энэ хүчийг дэмжих үүргийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг /МАХЦ/ хүлээжээ. Үүний дагуу милитарист Японы эсрэг түшиц газар болж байсан тэр үеийн БНМАУ-ын удирдлага зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 4 дахин нэмэгдүүлж, улсын төсвийн 50 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байв. Зарим баримтаар, тэр үеийн Монголын армийн бие бүрэлдэхүүний тоо 55 мянгад хүрч, орчин үеийн зэвсэглэл бүхий танк, их буу, нисэх хүчин, тээвэр, сапер, эмнэлгийн анги нэгтгэлүүдийг нэмж байгуулжээ. Ингэснээр МАХЦ Манжуурт байрлаж байсан 1 сая хүнтэй Квантуны армийн тодорхой хэсгийг тогтоон барьж байсан нь Зөвлөлтийн хэд хэдэн дивизийг Алс Дорнодоос Европт өрнөж буй байлдааны талбар руу шилжүүлэх боломжийг олгосон гэж Оросын topwar.ru хэмээх цахим хуудсанд онцлон бичсэнийг иш татлаа.

Эцэст нь, тусламжийн өөр нэг хэлбэрийн тухайд дурдая. Энэ бол Монголд амьдардаг Зөвлөлтийн харьяат иргэдэд үзүүлж байсан дэмжлэг юм. Манай улсад байнга суурьшиж байгаад Улаан армид дайчлагдсан Зөвлөлтийн иргэдийн ар гэр, ялангуяа байлдаанд оролцож тахир дутуу болсон, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж, орон сууц олгож байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.


Нийтийн дайсан фашизмыг бутцохисон их ялалтын 75 жилийн ойн энэ өдөр “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” зориулж байсан монгол түмний нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн тусламжийн талаар дурсан өгүүлэхэд ийм байна.  


Б.Адъяахүү


Эх сурвалжууд: http://mod.gov.mn

www.topwar.ru    

 

Холбоотой мэдээ