Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Е.Магнай 100 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-11 12:32:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Үенч сумын иргэн, Естайн Магнай гуай одоо 100 настай. Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багт амьдарч байна.

Тэрбээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд сум орон нутагтаа мужааны ажил хийдэг байв. Улмаар малчин болж гавьяаны амралтаа эдэлж сууна. 

Е.Магнай нь 1942 онд цэргийн албанд татагдаж, таван жилийн хугацаатай алба хаажээ. Улмаар 1945 онд Сүхбаатар аймгийн Овоотын 20 дугаар морьт хороонд ахмад н.Одсүрэнгийн удирдлаганд чөлөөлөх дайнд оролцож байв.  

Мөн 1948 оны хоёрдугаар сард Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад идэвхтэй оролцсон байна.

Е.Магнай 1986 оны хоёрдугаар сарын 20-нд БХЯ-ны сайд Ж.Ёндонгийн гарын үсэгтэй 2223 дугаар бүхий байлдаанд оролцсоныг батлах үнэмлэх гардан авсан гэнэ.

Түүнчлэн милитарист Японыг ялсны 30 жилийн ой, Бид ялав, Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн медаль хүртсэн.

Мөн Зэвсэгт хүчний 60 жил, Эх орны төлөө, Георгий Жуковын медаль, Цэргийн гавьяаны одонгоор, 2015 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан аж.  


Холбоотой мэдээ