Монгол Улсад 71 жилийн өмнө анхны галт тэрэг орж иржээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-13 15:20:25
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хойд хөршийн хилийн Наушки өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд Монгол Улсын анхны галт тэрэг 1949 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хөдөлж, 14 цагийн орчимд нийслэл хотноо ирж байжээ.


И.В.Сталины том хөрөгтэй анхны галт тэргийг хүлээн авах ёслолд Г.Бумцэнд тэргүүтэй нам төрийн зүтгэлтнүүд оролцон тууз хайчилж байсан бөгөөд монголчууд анхны галт тэргээ “Ган зам” дуутай угтан авсан аж. Өдгөө төмөр замчдын сүлд дуу болсон “Ган зам” дууг Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн 1949 онд бичжээ.



Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах хэлэлцээрийн анхны төсөл 1948 онд бэлэн болсон байв. Удаалаад БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд 1949 оны 6 сарын 6-ны өдөр хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, нийгэмлэгийг зохион байгуулагчид нь Зөвлөлтийн талаас ЗХУ-ын Зам харилцааны яам, Монголын талаас БНМАУ-ын Тээврийн яам гэж тогтсон. Тэр үеэс хойш  төмөр замын бүтээн байгуулалтын нөр их ажил өрнөсөн түүхтэй.


"Төмөр зам гэдэг бол Монгол Улсын эдийн засгийн гол гол өндөрлөгийг холбодог холбоо, залгадаг тээврийн салбар. Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг анх төмөр замаа тавьчихаад хийсэн юм. Ер нь эхэлж төмөр зам, сүлжээгээ тавиад, түүгээр дамжуулж ачаа бараагаа зөөж бүтээн байгуулалтаа эхэлдэг, дэлхийн бичигдээгүй хууль номын дагуу л манай улс эхэлсэн" хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, УБТЗ ХНН-ийн зөвлөх Р.Раш манай агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.



Холбоотой мэдээ