Жаргалант сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-11 18:22:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарт “Улсын тэргүүний сум”-ын гэрчилгээ, тугийг гардуулан өглөө.

Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант,  Ховд аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо сумыг “Улсын тэргүүний сум”-аар шалгаруулсан билээ. Засгийн газраас хоёр жилд нэг удаа шалгаруулдаг уг шагналыг  Орхон аймгийн Жаргалант сум анх удаа хүртэж байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Жаргалант сум нь 40 жилийн өмнө байгуулагдахдаа Эрдэнэт хотын хүн амыг төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор газар тариалан, мал аж ахуйг түлхүү хөгжүүлсэн юм. Үүний үр дүнд өнгөрсөн жилүүдэд нэг га-аас авах ургацын хэмжээгээрээ улсдаа тэргүүлсэн юм. Тодруулбал га тутмаас 35 цн үр тариа хураан авчээ.

Мөн 2016 оноос хойш орон нутгийн төсвийн 10 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн тус суманд уурын зуух, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр, Эрүүл мэндийн төвийг энэ онд байгуулж байна.

Ташрамд дурдахад, “Улсын аварга малчин”-аар О.Хишигсүрэн, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор “Хан Угтаал” ХХК, “Алтан тошлой” ХХК,  “Улсын аварга тариаланч”-аар Б.Энхжаргал нар шалгарлаа. 

Холбоотой мэдээ