Шанхайн “Disneyland” нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-12 10:36:35

ШАНХАЙ. /BBC/. АНУ-ын “Walt Disney” компани БНХАУ-ын Шанхай хот дахь “Disneyland” паркийг цөөн үйлчлүүлэгч хүлээн авах зориулалттайгаар нээжээ. Уг парк коронавирусний халдварын тархалтын улмаас гурван сар гаруйн турш хаалттай байсан юм.


Хятадад сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо ихээхэн буурсан бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар сулруулж байгаа ажээ. Тус улсад ням гарагт халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон хэдий ч даваа гарагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зөөвөрлөгдөн иржээ.


Хятадад өнөөдрийн байдлаар халдварын 82919 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас барсан байна.


Үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах Засгийн газрын тогтоолын дагуу Мики хулгана болон түүний найзууд 24 мянган хүнийг угтан авах боломжтой.


Даваа гарагт паркаар зочлох бүх тасалбар дуусжээ.


Үйлчлүүлэгч, ажилтнууд бүгд амны хаалт зүүж, халуунаа шалгуулж, зайнаас харилцах шаардлагатай.


Disney” компанийн дэлхий даяарх зургаан паркаас Шанхайн парк хамгийн эхэнд нээгдэж буй нь энэ юм.


Баярын жагсаал, ёслолын буудлага болон танхимд болдог театрын үзүүлбэрүүдийг зохион байгуулахгүй.


Менежментийн багийн мэдээлснээр, ихэнх унадаг тоглоом болон зоогийн газар, шоунууд нээгдэнэ.


Нэгэн ажилтан “Бусад үйлчлүүлэгчээс зай барина уу” хэмээх бичигтэй самбарыг барин зогсож байна.


Шанхайн парк бусад паркийн хувьд үлгэр жишээ болох төлөвтэй байна. Жилийн тасалбар авсан үйлчлүүлэгчдээс паркад ирэх өдөр, цагаа урьдчилан захиалах шаардлагатай.


Дэлгүүр, үзүүлбэрийн хэсэг зэрэг үйлчлүүлэгчид бөөгнөрөх магадлалтай газруудад зай бариулахын тулд тэмдэглэгээ хийжээ. 

Холбоотой мэдээ