Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв шинэ лабораторитой боллоо

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2020-05-12 16:12:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг эрчим хүчний Сургалт үйлдвэрлэлийн төвд эрчим хүч хэмнэх цахилгаан техникийн багаж хэрэгсэл бүхий Мэргэжлийн сургалтын лабораторийг хүлээлгэн өглөө. 

Тус улсын Засгийн газрын 7 сая еврогийн санхүүжилтээр 1999-2006 онд хоёр талын хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж сургалтын танхим болон лабораториудын тоног төхөөрөмж суурилуулж, шинэчлэх, сургагч багш нарыг бэлтгэх, сургах, сургалтын материал орчуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хийж сургалтын 10 лабораторийг шинээр бий болгосон юм.

Өнгөрсөн хугацаанд Сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораторийн тоног төхөөрөмж технологийн хувьд хуучирч элэгдэн, орчин цагийн сургалтын хэрэгцээ шаардлагыг зарим талаар хангахгүй нөхцөл үүссэн хэдий ч Германы  хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) "Эрчим хүчний хэмнэлт үр ашиг", "Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх" төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт /PLC/-ын лаборатори, эрчим хүчний хэмнэлтийн менежерийн сургалтад ашиглах хэмжүүрийн багажнууд, электроникийн эд анги, элементийн туршилт, мөн цахилгаан техникийн онолын сургалтад хэрэглэх багаж зэргийг шинээр хүлээлгэн өглөө.


Мэргэжлийн сургалтын лабораторийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж, төслийн удирдагч Дэвид Ханкок, зөвлөх С.Цэцэгээ, Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженер Л.Батхүү нарын албаны хүмүүс оролцлоо.  

Нийт 6 төрлийн 13 ширхэг стенд, 8 төрлийн 43 ширхэг тэжээл үүсгүүр болон хэмжүүрийн багаж хэрэгсэл, компьютер, хувилагч зэргийг нийлүүлснээр сургалтын бааз суурь шинэчлэгдэн орчин үеийн сургалтын хэрэгцээ шаардлагыг хангасан лабораториудтай болж мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, дадлагажуулах нөхцөл боломж бүрдлээ.



Холбоотой мэдээ