Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид цахим тоглолт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-13 10:13:22

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулж энэ сарын 15-ны өдөр “Аз жаргатай гэр бүл” нэртэй live тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тус тоглолтыг "Хайр өвтгөдөггүй" аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газар, орон нутгийн AIR-1 телевизтэй хамтран зохион байгуулж байна. Тоглолтод Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож МУСТА Б.Сандуйжав найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгох аж. Тоглолтод Сандагжавын найруулга “Очирваанийн магтаал” ЭТҮГЭН хамтлаг, Д.Жаргалсайханы “Сэтгэлийн үг” дууг Дуучин Ц.Цогтбуян, Харчин Сумъяагийн үг, Ё.Эрдэнэбаатарын хөгжим “Охин үрдээ” дууг дуучин Б.Бат-Ундрах дуулна.

Ц.Нацагдоржийн хөгжим “Этгээд хөдөлгөөн” зохиолоор хөгжимчин А.Адилбат, МУСТА В.Энхтайвны дэглэлт “Лам, Хүрээ хүүхэн” бүжгийг МУСТА А.Отгон, Д.Ганбаатар нар бүжиглэж үзэгчдэд хүргэнэ. Харин Л.Энхсайханы үг, Д.Цэвээнравдангийн хөгжим “Ээждээ яарлаа” дууг МУСТА дуучин Б.Одгэрэл дуулах бол П.Мөнхжаргал, А.Цэрэнбалжир, Ц.Цогтбуян нарын уран бүтээлчид “Завханы залуус”нэртэй дууг дуулж, бүжигчин М.Мэнд-Амар, Ө.Мөнхнасан нар чөлөөт бүжгийн үзүүлбэрүүдийг үзүүлнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар, 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоолыг баталсан юм билээ. Ийнхүү дэлхий нийтээрээ энэ өдөр Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ. Харин манай улс дэлхийн гэр бүлийн өдрийг 2000 оноос тэмдэглэх болсон. Энэ өдрийг гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор тэмдэглэдэг. Монгол Улсын Засгийн газраас 1994, 2004, 2014 оныг Гэр бүлийн хөгжлийн  жил болгон зарлаж байсан. Энэ жил COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг бөөгнүүлэхгүйгээр цахимаар уран бүтээлчид маань тоглолт зохион байгуулж байна.

Урлаг бол хүн бүрийн таашаалд нийцэж хүнд эерэг, урам зориг өгдөг салбар юм. Тиймээс энэ цар тахлын үед урлагийн таашаалыг хаанаас ч мэдрэх боломжийг бид олгож байна. Иргэд маань театрынхаа уран бүтээлчдийн live тоглолтыг цаг гарган үзэж дархлаагаа нэмээрэй гэж уриалъя хэмээн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын урын сангийн эрхлэгч Д.Ариунбаяр мэдээлэв. 

Холбоотой мэдээ