Улаан загалмайчдын уулзалт Мандалговьд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-05 17:54:32

Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг болон Төв, Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхитнүүдийн нөхөрсөг уулзалт маргааш Мандалговь хотод болно.

Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төсөл энэ онд Дундговь аймагт хэрэгжиж байгаа юм. Энэ төсөл Төв аймаг болон  Налайх, Багануур дүүрэгт хэрэгжсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх үйл явц, үр дүн, ажлын харилцан туршлагаа уулзалтын үеэр солилцох юм байна. Мөн энэ сарын 8- нд тохиох Хүмүүнлэгийн өдрийг хамтдаа угтан тэмдэглэж, урлаг, спортын уралдаан тэмцээнээр уулзалтаа хөглөх ажээ.

Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны хувьд “Нийгмийн  халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийн хүрээнд 39 сая 836 сая төгрөгийн 6-7 төрлийн халамж үйлчилгээг 860 гаруй иргэнд хүргэсэн байна.

Энэ төслийн хүрээнд 200 өрх улирал тутамд нэмэлт хүнсний тусламж авч байгаа бол мөн гэрийн дулаалга, хүнсний сав суулга, байшингийн засварын материал гэх зэргээр 80 гаруй өрхөд тусламж хүрсэн ажээ.

Улаан загалмайн сайн дурын идэвхитнүүдийн нөхөрсөг уулзалт Мандалговьд хоёр өдөр үргэлжлэх юм байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ