ОХУ-ын Батлан хамгаалах яамны зардлаар монгол оюутнууд эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн эхний онгоц Буянт Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 13 цаг 15 минутад газардлаа.
Удахгүй дахин хоёр ийм онгоц Улаанбаатарт бууна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 6-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн юм.
Энэ дагуу эхний ээлжинд
ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол
оюутан болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид ОХУ-ын Зэвсэгт
хүчний тусгай онгоцоор өнөөдөр эх орондоо ирж байна.
ОХУ-д сурч буй сонсогч, оюутан, зэвсэгт хүчний алба хаагчид нийлсэн 340 орчим монгол
иргэнийг ОХУ-ын армийн тусгай үүргийн гурван онгоц эх оронд нь ирүүлж байна.
Батлан хамгаалах яам тэднийг онгоцны буудалд хүлээж
аван ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа урьдчилан бэлтгэсэн 4 газарт тусгаарлах ажлыг хариуцан зохион байгуулах юм.
БХЯ-ны бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан: "Батлан хамгаалахын сайд
Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын Батлан хамгаалах яам ийнхүү богино
хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд нь хүргэж ирлээ.
Энэ бол үнэхээр том тус. Монгол, Оросын батлан хамгаалах салбарын найрсаг
харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн
чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж байгаа чухал алхам
боллоо" хэмээн ярив.