Чацарганын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарахад ойрхон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэндэд нэн тустай, хүч тамирын эх ундарга болсон чацаргана жимсний ач тус хэмжээлшгүй их тул Увсынхан чацарганыг “ургадаг алт” хэмээн өргөмжилж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хүртэл тарьж ургуулдаг юм. Өдгөө Монгол орны зэрлэг чацарганы 40 гаруй хувь нь, таримал чацарганы 60 гаруй хувь нь Увсын цэнхэр хязгаарт ургаж, соёолж байна.
Увс аймгийнхан жилдээ 500-600 га-д талбайд чацаргана тариалж 650-950
гаруй тонн жимс хураан авч байна. Чацаргана тариалалтаараа “Увс хүнс” хувьцаат компани,
“Хэт цах” хоршоо, “Ус эрдэнэ жимс”, “Хатны улаан” гэх мэт компаниуд тэргүүлдэг.
Мөн ард иргэд өөрсдөө хашаандаа болон ногооны талбайдаа чацарганы мод тариалж,
түүнийгээ үрсэлгээ болгон соёолуулж бусад аймаг, хот руу өндөр үнээр
худалдаалдаг юм. Энэчлэн зөвхөн чацаргана тариалалтаараа Увсынхан Монгол Улсдаа
толгой цохиод зогсохгүй, чацарганы түүхий эдийг ашиглан төрөл бүрийн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдгээрээ ч алдартай болжээ. Чацарганыг
үйлдвэрийн аргаар шахаад тос, өтгөрүүлсэн жүүс гаргаж авахаас гадна зөөлөн
эдээр нь цайны ханд хийдэг юм. Мөн сүүлийн үед Увс аймгийн жижиг дунд үйлдвэр
эрхлэгчид чацарганы ханд, чацарганатай саван, чацарганы чанамал гэх мэт олон
нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Энэ дундаас “Увс хүнс”
хувьцаат компанийн чацарганы нэрийн бүтээгдэхүүнүүдийг онцлохгүй байхын аргагүй
юм. Мөн “Ус эрдэнэ жимс” компанийн “Жинхэнэ” нэрийн бүтээгдэхүүнүүд ч эрэлт хэрэгцээ их байна. Ер нь бол өвлийн хүйтэн эхэлж, ханиад томуу дэгдэхтэй зэрэгцээд
Увсын чацаргана, чацарганы бүтээгдэхүүнүүд хот, хөдөөгүй эрэлттэй болдог.
Коронавирусний халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ хүндхэн цаг үед монголчууд
Увсын брэнд чацарганыг түлхүү хэрэглэж, дархлаагаа дэмжин, аймшигт цар тахлаас
өөрсдийгөө хамгаалж байна.
Чацаргана жимсний ач тусыг шинэ цагийн бид л мэдсэн юм
биш. Эртний хаад, хатад хүртэл идээ ундаандаа амтархан хүртэж, "Хаан жимс" хэмээн
өргөмжилж явсан түүх бий. Тэрчлэн 1981 онд Монгол хүн анх сансарт нисэхэд хоолны
цэсэнд нь Увсын чацарганы бэлдмэл орж байжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Гүррагчаа, В.Жанибеков
хоёрын нисгэгчийн богцонд 96 ширхэг чацарганы бэлдмэл, чацарганатай хуурай сүү
явсан гэдэг. Тэдгээр бэлдмэлийг Увсын таримал чацарганы “Чандмань” сортоор “Ленинградын
хоолны хүрээлэн”-д бэлтгэсэн гэх түүхэн эх сурвалж бий.
Монголын чацарганыг дэлхийн сонорт хүргэхэд үнэтэй хувь
нэмэр оруулсан эрдэмтэн бол “Чацарганы Лааган” юм. Тэрээр ЗХУ-ын Москва хот
дахь Тимирязевийн нэрэмжит ХАА-н академид 1956-1961 онд суралцан “Жимсний
агрономч” мэргэжлээр төгсөж ирээд Улаангомд “Чацаргана хамгаалах, үржүүлэх
эрдэм шинжилгээний станц”-ын гал голомтыг асаасан байна. Тухайн үед Б.Лааган Увс
нуурын сав газар, Оросын Алтайн хязгаарын зэрлэг чацарганыг Улаангомын
“Борогийн ширэг”-ийн хөндийд нутагшуулж, хооронд нь эрлийзжүүлсний дүнд
“Чандмань”, “Улаангом”, “Тэс” хэмээх шинэ сортын гурван төрөл чацаргана бүтээж,
тэднийгээ арчлан үржүүлж, өсгөн торниулж, олон зуун тонн ургац хурааж, жимс
жимсгэнэ, амтлаг шүүс, дарс, шарз, эмчилгээний тос зэргийг үйлдвэрлэхэд 30
гаруй жилийг зарцуулжээ. Тухайн үед зэрлэг чацарганы нэг бут 4-5 кг жимс өгдөг байсан
бол таримал “Чандмань” сортын нэг бут 23-25 кг чацаргана өгдөг байжээ. Харамсалтай нь 1990-ээд онд дээрх аж ахуй нь төрийн өмчийн хувьчлалын шуурганд өртөж, 2000 онд
гэхэд үйл ажиллагаа нь зогсчээ. Гэхдээ 2010 оноос эхлэн Увсад чацарганы аж ахуй
эрхлэгчид олноор бий болж, улмаар Монгол Улсын хэмжээнд ч нэмэгдсээр байна.
Швейцарийн нэг лаборатори Увс аймагт ургуулсан хоёр
төрлийн чацарганаас гаргаж авсан тосыг Монголын бусад газарт ургуулсан
чацарганы тостой харьцуулан шинжлэхэд Увсын чацарганы тос эрүүл мэндэд онцгой
ашиг тустай пальмитинийн хүчлийг 2.5 дахин их агуулдаг нь тогтоогджээ.
Сүүлийн жилүүдэд Увсын чацарганыг Европын холбоонд
газарзүйн заалтаар бүртгүүлэх хүсэлтийг Монгол Улс албан ёсоор тавьсаар байна. Хэрвээ
энэхүү газарзүйн заалтад бүртгүүлчихвэл Увсын чацарганаар хийсэн бүх төрлийн бүтээгдэхүүн Европын холбооны улс орнуудын зах зээлд Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн
тэмдэгтэйгээр худалдаанд гарах үүд хаалга нээгдэх юм. Ингэснээр Увсын брэнд
чацаргана дэлхийд ноёлох өдөр ирнэ.
-Чацарганыг хэрхэн тариалах талаар Улсын
тэргүүний “Хэт цах” хоршооны эзэн Б.Хөхөөгөөс тодруулсан юм.
“Чацаргана тариалахдаа голдуу хоёр настай
суулгацыг сонгох бөгөөд суулгацаа 3х2 метр зайтайгаар байрлуулан суулгана.
Тарих нүхнүүд 50 см-ээс илүүгүй тойрогтой, бас тэр хэмжээний гүнтэй байх ёстой.
Чацаргана нь сийрэг, ус болон агаар нэвтэрдэг хөрсөнд сайн ургадаг. Тарьсны
дараа хөрсийг нягтруулж, хонхорхой гарган 1-2 хувин усаар усалж, ишийг
тойруулан 5-6 см зузаантай хүлэр болон үртсээр манах хэрэгтэй. Ишийг тойрсон
хөрсөнд зэрлэг байх учиргүй тул байнга сайн цэвэрлэх шаардлагатай. Ингэхийн
тулд чацаргана ургах үеийн турш байнга зэрлэг ургамлыг түүж, хөрсийг сийрүүлж
байгаарай. Цэвэрлэх үедээ өнгөн хэсгийн үндсийг гэмтээхгүйн тулд анхааралтай
байх ёстой. Суулгац тарьснаас хойших 3-4 дэх жилд чацаргана жимсээ өгч эхэлдэг
бөгөөд 30-40 жил амьдардаг” хэмээн тэрбээр зөвлөсөн юм.
Чацарганы ач тус:
Хамгийн их
ургацтай нэг мод 25.8 кг жимс өгдөг бол хамгийн бага ургацтай нь 4.8 кг жимс
өгдөг аж. Нэг тонн чацаргана жимснээс 20 кг тос, 500 литр шүүс, 50 литр
поливитамины бэлдмэл гарган авч болдог байна. Тэгэхээр зэрэг нэг га талбайгаас
2-5 тонн жимс хураан авч, 200-250 кг тос, 4-4.2 тонн шүүс бэлтгэдэг байх нь.
Чацаргана нь далайн түвшнээс 300-5000 метрийн өндөрт, 50 хэм хүртэл хүйтэн, 40
хэм хүртэл халууныг тэсвэрлэн ургах чадвартай тул манай оронд, тэр дундаа Увс
нуурын хотгорын эрс тэс уур амьсгалтай бүсэд тарималжуулан ургуулахад хамгийн
тохиромжтой ургамал байна.
Чацарганын
жимсэнд С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р аминдэмүүдээс гадна алимны
хүчил, каротин, тос бопон төмөр, кали гээд олон бичил элементүүд агуулагддаг аж.
Үүнээс гадна биофлавонойд хэмээх биологийн идэвхит бодис нь дахин боловсруулсны
дараа ч сайн хадгалагдаж үлддэг байна.
Ардын уламжлалт анагаах ухаанд чацарганы навчаар үе мөчний өвчнийг анагаадаг бол аминдэмийн дутагдлын өвчний үед чацарганын шүүс, сироп, тосыг эмчилгээнд өргөн хэрэглэдэг аж. Мөн чацарганын тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхжүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт гэх мэт 30 гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай байна. Тухайлбал, ходоодны шарханд чацарганы тосыг өдөрт 2-3 удаа цайны халбагаар уувал сайн аж. Ер нь чацарганы ид шидийг сайн мэддэг, Увс аймгийн ахимаг насны хүмүүс өдөрт 7 ширхэг чацаргана жимс иддэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь асар их тус нэмэртэй байдаг гэлцдэг юм. Тэрчлэн зүрх судас, үе мөчний өвчний үед чацарганы навчны ханд, эсвэл цайг уух хэрэгтэй юм. Үүнээс гадна чацаргана нь арьсны эрүүл байдлыг сайжруулах, үрэвслийг бууруулах, нүдний хараа сайжруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих гэх мэт олон талын ашиг тустай билээ.
Иймээс Увсынхан хол ойрын зочид гийчиддээ Увсын чацарганаар хийсэн бүтээгдэхүүнээр бэлэг барьдаг нандин сайхан уламжлалтай билээ.