Монголд үрээр тарьсан анхны сакура 6 жилийн дараа цэцэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-14 15:59:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар дахь Японы ЭСЯ-ны хашааны гадна тарьсан сакура 6 жилийн дараа цэцэглэжээ. Энэ нь Монголын хөрсөнд суулгасан сакурагийн үр манай орны хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож ургасан анхны тохиолдол болсон байна.


Уг модыг 2012-2017 онд Япон улсаас манай улсад суух Элчин сайд асан Такинори Шимизү тарьжээ. Цэцэг тарих дуртай тэрбээр Монголд сакура нутагшуулах хүсэлдээ автан 2014 онд ЭСЯ-ны хашааны гадна үр суулгасан аж. Гэвч чийглэг дулаан орны ургамал манай хатуу ширүүн уур амьсгалд төдийлөн сайн ургахгүй байсаар Элчин сайд нутаг буцжээ.


Түүнээс хойш модыг газар тариалангийн эдийн засаг судлаач Б.Ганбат тордсоор өнөөг хүрсэн аж. Сакура цэцгийн модыг Монголд тарьж ургуулах оролдлого манай орны хуурай ширүүн уур амьсгалаас болоод бүтэлгүйтдэг. Иймд модыг өвөлдөө хайрцгаар битүүлж хүйтнээс хамгаалах, бусад үед ус чийг хангалттай өгөх зэрэг нарийн арчилгаа шаарддаг аж. Нэгэнт манай уур амьсгалд дасан зохицон ургасан модноос үр авч өөр олон газар сакура тарих бодолтой байгаагаа судлаач Б.Ганбат онцлов.


Та Улаанбаатар хотын хаа нэгтээ анхилуун үнэрт цагаан, ягаан цэцэгтэй бутлаг ургамлыг хараад сакуратай андуурч магадгүй. Тэгвэл манай хотын гудамж талбайд байх цэцэгт моднууд ихэвчлэн гүйлс бүйлс буюу чавганы моднууд аж. Сакура буюу интоорын модны нэг цоморлогоос 5 цэцэг дэлгэрдэг бөгөөд үүгээрээ цоморлог нь 1 цэцэгтэй байх гүйлс бүйлснээс ялгаатай. 


500 гаруй төрөлтэй сакура цэцэг хайр дурлал, оюун билэг, гоо үзэсгэлэн, хүний амьдралын мөнх бусыг бэлгэддэг. Сакура Японы өмнөд хэсэгт 2 сараас дэлгэрч эхэлдэг бөгөөд хамгийн хойд муж Хоккайдод 5 сард дэлгэрч 7 хоногийн дотор хагдардаг аж. Сакура дэлбээлэх үеэр япончууд ах дүү найз нөхдөөрөө цуглан сакурагийн модон доор суун хооллодог уламжлалтай. Үүнийг Японоор Ханами гэх бөгөөд цэцэг үзэж нүдээ баясгах гэх утгыг илэрхийлдэг байна.



Гэрэл зургийг Б.Ганбат


Холбоотой мэдээ