Отгон сум газар нутгийнхаа 50 хувийг тусгай хамгаалалтад авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-14 17:12:34

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Отгон сум амьтан ургамал, байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг  хадгалах,  хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор 140.000 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Отгон сумын Бор хавцал орчмын дээрх га газар нутгийг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Тус сум нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх дурсгал, аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг юм. Олон тооны нуур, цөөрөм, гол нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд Буянт гол, Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын зэрэг олон голын эх ундаргын үүсвэр болдог газар юм.

Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Уулын бүсийн ирвэс, чоно, шилүүс, нохой зээх, аргаль, янгир, мануул мөн улаан номын эмзэг бүлэгт орсон монгол хадран, давжаа сугас, шивэр хадран зэрэг гурван зүйлийн загас бий. Харин тал хээрийн идлэг шонхор зэрэг өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрддэг. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибирь алтанхундага, ягаан цээнэ, ацан ажгана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг онгон дагшин нутаг юм. Тиймээс энэ нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах нь зайлшгүй шаардлагатай юм.

Харин улсын тусгай хамгаалалтад дархан цаазат газрын ангиллаар 25.000 га буюу Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар, нөөц газрын ангиллаар 140.000 га талбайг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Ингэснээр нийт газар нутгийнхаа 50 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх, байгалийн баялгийг зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна хэмээн Отгон сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ