Эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-05-15 12:52:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны тусламжтай Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулахаар болжээ.


Эндээс ХӨСҮТ, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18 000 гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах юм.


Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн нэмэлт санхүүжилт болон "COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ийн хүрээнд коронавирусний халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал үүсэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэхэд чиглэж байгаа аж.


Ташрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусний халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд пүрэв гарагт /2020.05.14/ гарын үсэг зурсан юм.

Холбоотой мэдээ