О.Баасанхүү: УИХ мөнгөний сонгуулийн хууль баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-06 12:55:52

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.

Тэрбээр, "Энэ долоо хоногт улс төрийн амьдралд халуун гэж болох, шившигтэй ч гэж болох үйл явдал боллоо. Хамгийн харамсалтай нь МАНАН амиллаа. Урьд шөнө мажоритар нэртэй мөнгөний сонгуулийн хууль баталлаа. АН Засгийн газрыг огцруулах зорилгоор санаатайгаар "Шударга ёс" эвслийн бүлгийг тараалаа. МАХН-д байсан Ч.Улаан гишүүн өнгөрсөн 4 жилд УИХ-д байх албан тушаал болгонд очсон. УИХ-д байдаг бүх албан тушаалыг авсан хэрнээ МАХН-аас гарсанд хувь хүний хувьд харамсаж байна. Д.Тэрбишдагва даргын намаас гарсан шалтгааныг би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө жагсаалтын хуулийг баталсан хүн шүү дээ. УИХ-ын гишүүн болох нь чухал биш улс орондоо юу хийх вэ гэдэг нь чухал. МАН, АН-ынхан УИХ-ын гишүүн болохын төлөө мөнгөний сонгууль руу орлоо. Өчигдөр мөнгөтэй гишүүд баяраа тэмдэглэсэн. Зарим нь тойрог дээрээ очиж мөнгө тараах хүмүүсийнхээ нэрсийг бариад явж байна. Тарааж буй 100 мянган төгрөгийг нь аваад сонголтоо өөрөөр хийх хэрэгтэй. Энэ удаагийн оролдлого МАН, АН-ын хамгийн сүүлийн гэрэл нь боллоо гэж хэлмээр байна" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ