Багш, сурагчидтай цахим уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-19 16:32:30

Ховд /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БҮТ-ийн Чанарын үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх нар Ховд аймагт ажиллаж байна.

Тэд Ховд аймгийн БСУГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш, 12 дугаар ангийн сурагчидтай цахим уулзалт хийлээ.

Энэ үеэр сурагчдад зориулсан теле хичээлийн хамрагдалт, үр дүн, анги дэвших, төгсөх үйл ажиллагаа, ирэх хичээлийн жилийн бэлтгэл, ЭЕШ-ын давтлага, зохион байгуулалтын явцын талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

Энэ удаагийн цахим  уулзалтад нийт  911 багш, удирдах ажилтан, 682 төгсөх ангийн сурагч оролцож, сонирхсон асуултад  хариулт авав.

Төгсөх ангийн сурагчид ЭЕШ-д сонсох даалгавар ирэх үү, шалгалтаа хэрхэн амжилттай өгөх вэ? зэрэг асуулт асууж байлаа.

Үүнтэй холбогдуулан төгсөх ангийн сурагчид шалгалтад хэрхэн бэлтгэх тухай БҮТ-ийн Чанарын үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх зөвлөмж өгөв. Мөн энэ жил ЭЕШ-д сонсох даалгавар оруулаагүй аж.  

 

Холбоотой мэдээ