Иргэдийн дөрөвний нэг хувь нь элэгний сорилд хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:26:01

Увс аймаг “Эрүүл элэг” төсөл хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарч байна. Энэ хүрээнд Элэгний эмч нарын холбоо, “ОНОМ” сантай хамтран 11 мянга 100 ширхэг сорилыг Увсад авч ирснээс одоогоор 10 мянга 668 хүн шинжилгээнд хамрагдаад байна.

Шинжилгээнд хамрагдсан иргэдээс 1069 хүн В вирүстэй, 1116 хүн С вирүстэй, 52 хүн В,С-гийн хавсарсан вирүстэй гарчээ. Увс аймгийн 18-аас дээш насны 42 мянган хүн шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд одоогоор нийт хүмүүсийн 4-ний нэг хувь нь хамрагдаад байна. Үндсэндээ 11 мянга 100 тест гэдэг нь 22 мянга гаруй тест гэсэн үг бөгөөд нэг хүнд хоёр тест хэрэглэж байгаа юм.

Шинжилгээний сорилыг “ОНОМ” сан гадаадаас оруулж ирж нийлүүлж байгаа бөгөөд одоогоор санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа аж. Гэвч аймгийн удирдлагууд энэ асуудлыг яаж ийгээд аргална гэсэн байр суурьтай байна.

Үүнээс гадна В, С вирүсийг тоолдог төхөөрөмжийг энэ сарын 15-20-ны хооронд аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирж суурилуулах бөгөөд хотоос элэгний эмч нар ирж үзлэг хийх юм байна. Иймээс вирүс илэрсэн хүмүүсийг ажил албаа зохицуулж, нарийвчилсан шинжилгээнд хамрагдахыг аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ