Эрүүл хотын эко байгууллагыг шалгаруулна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-21 21:40:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг даргын захирамжаар энэ оны 06 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд "Эрүүл хот-2020" аяныг сумын хэмжээнд зарласан.

Сумын ЗДТГ-аас аж ахуйн нэгж, албан байгууллагуудын тохижилт, үйлчилгээг сайжруулах, эрүүл хотыг бий болгох зорилгоор "Эрүүл хотын эко байгууллага" шалгаруулах уралдааныг Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд зарлалаа.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд орчин тойрондоо нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ зохион байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, гадна болон дотоод тохижилтыг гүйцэтгэнэ. Уралдаанд идэвхтэй оролцсон эхний гурван байгууллагыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шангалаар шагнана.

Ташрамд дурдахад өмнөх жилүүдэд сумын ЗДТГ-аас хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах зорилгоор “Тэгш гудамж”, “Хотын гудамж” зэрэг аяныг зохион байгуулж байсан.


Мянган хүний суудалтай спорт цогцолборыг барив




Дорноговь аймгийн Сайншанд суманд болж буй зарим бүтээн байгуулалт, хот тохижилт, хөрөнгө оруулалтын ажлаас тоймлон хүргэе. Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг “Болор аграмба” компани гүйцэтгэж дуусчээ.

Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборын барилгын ашиглалтыг аймгийн БТСГ хариуцаж ажиллах аж.

Тус цогцолбор нь стандартын спорт заал, бѳх, бокс, гимнастик, аэробек, шатар, даам, теннис зэрэг олон тѳрлийн дугуйлан секц хичээллэх танхимууд болон үйлчилгээ оффисын хэсгээс бүрдэнэ.

Хүүхэд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлснээр аймаг, улс, олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах, иргэд хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн бие бялдрыг багаас нь хөгжүүлэх, эрүүл чийрэг өсөж торних боломж бүрдлээ гэж албаныхан мэдээлэв. Одоогоор гаднах  авто машины зогсоол болон бусад тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.


Авто машины зогсоолтой боллоо


Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт үйл ажиллагаа явуулдаг есдүгээр цэцэрлэг гаднаа автомашины зогсоолтой боллоо.

Нийт 560 метр квадрат талбай бүхий бүтээн байгуулалтыг "Дэлгэр баясах зам" ХХК гүйцэтгэж дуусчээ. Нийт 150 хүүхдийн багтаамжтай хэдий ч 272 хүүхдийн бүртгэлтэй, 25 багш ажилчидтай даац хэтэрсэн байдалтай ажиллаж байгаа аж.

 

Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд 14000 мод тарьжээ


Сайншанд сумаас урагш 15 км-т орших Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд 2015 оноос хойш жил бүр тасралтгүй мод тарих, суулгах ажлыг зохион байгуулж байна.

Тус аймгийн ИТХ-ын санаачилгаар  ногоон байгууламж бий болгох, говь нутгийг ногоожуулах зорилготой цэцэрлэгт хүрээлэнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран таван төрлийн 14000 гаруй мод тарьж ургуулжээ.

Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажилд урьдчилан бэлтгэж цэнэг усалгаа хийх, хэлбэржүүлэлт хийх зэрэг ажлыг “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газартай хамтран гүйцэтгэж байгаа аж


Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай


Сайншанд сумын ЗДТГ-аас Сум хөгжүүлэх сангийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийж байна.

2017 онд 23 төсөлд 307 сая төгрөг, 2018 онд 15 төсөлд 235 сая төгрөгийн зээл, 2019 онд 16 төсөлд 219.6 сая төгрөг олгосон аж. Зээлийн эргэн төлөлт удааширсан тул Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 2015 оноос багасчээ.

Сайншанд сумын хэмжээнд нийт нэг тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө байна. Сум хөгжүүлэх сангийн зээл нь жилийн гурван хувийн хүүтэй бөгөөд сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг буй болгох зорилгоор тодорхой төслийг санхүүжүүлдэг байна.


Тамхигүй ажлын байр бий болгоно


Тамхины хор уршгийг олон нийтэд ойлгуулах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг Сайншанд хотын ЗДТГ-аас хэрэгжүүлж байна.

Тус сум "Тамхигүй ажлын байрны бодлого"-ыг хэрэгжүүлж буйгаас гадна Хамарын хийдийн аялал жуулчлалын бүсийг зорин ирж байгаа иргэдэд хандан тус бүс нутгаар зорчихдоо тамхи татахгүй байхыг уриалж байгаа юм.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа тамхигүй орчин санаачилгыг дэмжин ажиллаж байна. Мөн ЗДТГ-ын алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа аж.



Холбоотой мэдээ