Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-25 09:19:04

ТЕХРАН. /IRNA/. АНУ-ын зүгээс хатуу сануулга өгөөд байсан хэдий ч Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлийн эрэгт хүрчээ.


Тодруулбал, нефть тээвэрлэгч "Fortune" хөлөг онгоц 72 өдрийн өмнө Ираны Шахид-Ражаи боомтоос гарч, Венесуэлийн эрэгт хүрсэн байна. Ойрын өдрүүдэд түлш ачсан Ираны өөр 4 нефть тээвэрлэгч хөлөг онгоц Венесуэлийг зорих аж.


Тавдугаар сарын 17-нд Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи Иран дахь АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлж буй Швейцарын элчийн сайдыг дуудаж, Венесуэлийг чиглэн хөдөлсөн Ираны нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудыг АНУ мөшгөхвий хэмээн болгоомжлуулжээ. Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “АНУ олон улсын эрх тэр дундаа хөлөг онгоцоор явах эрхийг хүндлэх ёстой” хэмээн онцлон тэмдэглэсэн захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт илгээсэн байна.


Венесуэлд түлшний нийлүүлэлт хийхтэй нь холбогдуулан Ираны эсрэг хориг арга хэмжээ авч, хэд хэдэн хязгаарлалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжийг АНУ-ын эрх баригчид авч хэлэлцэж байна хэмээн “The Wall Street Journal сонин 5 дугаар сарын 20-нд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ