“Twitter”-н тэргүүн гэр бүлүүдэд 10 сая ам.доллар хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 11:27:01

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Коронавирусний үр дагаврын улмаас хохирол амссан гэр бүл бүрт 1 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох замаар хэдэн мянган гэр бүлд зориулж 100 сая ам.доллар цуглуулах зорилготой ажиллаж буй хэд хэдэн арилжааны бус байгууллагад “Twitter” компанийн ерөнхий захирал Жек Дорси 10 сая ам.долларыг хандивлажээ.


Энэхүү төсөлд оролцогч “GiveDirectly” байгууллага нь “Propel”, Stand for Children” байгууллагатай хамтран 4 дүгээр сараас эхэлж сайн дураараа 84 сая ам.долларын хандив цуглуулжээ. “Project 100” хэмээх тэдний санаачилга нь АНУ-ын хэдэн мянган гэр бүлд буцалтгүй тусламж үзүүлэхэд зориулж 100 сая ам.долларыг цуглуулах зорилготой аж. Томоохон хандивлагчид дунд ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанаас гарсан бизнес эрхлэгч Эндрю Янг, дуучин Ариана Гранде, Жон Леженд, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “Google” компани багтжээ.


Жек Дорси коронавирустэй тэмцэхэд зориулж дөрөвдүгээр сарын эхээр 1 тэрбум ам.долларыг хандив олгожээ. Энэ нь түүний хөрөнгийн 28 орчим хувьтай тэнцэх аж. “Twitter” компани энэ оны эхний улиралд 8 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. 

Холбоотой мэдээ