“Талибан” хөдөлгөөний 900 орчим дэмжигчийг суллахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 16:16:38

МОСКВА. /1TV/. Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний 900 дэмжигчийг шоронгоос суллахаа эрх баригчид зарласан хэмээн Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жавад Фейсал мэдэгджээ.


Гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлж, Афганистан хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд Талибаны хоригдлуудыг суллаж байна хэмээн Фэйсал цохон тэмдэглэжээ. 


Даваа гарагт Парван мужид байдаг Баграм хотын шоронгоос “Талибан” хөдөлгөөний 100 дэмжигч эрх баригчдын шийдвэрээр суллагджээ. Лалын шашинтнуудын “Ид аль-Фитр” баярыг тохиолдуулан гурван өдрийн гал зогсоох дэглэм зарлаж байгаагийнх нь хариуд “Талибан” хөдөлгөөнийг дэмжигч 2000 орчим хоригдлыг суллахыг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани үүрэг болгожээ.


АНУ болон “Талибан” хөдөлгөөн өнгөрөгч хоёрдугаар сард Катарын нийслэл хотод найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээнд зааснаар хоригдлуудыг солилцох хэлэлцээ хийсний дараа Афганистан хоорондын яриа хэлэлцээ гуравдугаар сард эхлэх ёстой байсан юм.

 

Холбоотой мэдээ