Хавдрын тусламж үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-27 18:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ.

Энэхүү цахим систем систем нь хавдрын тусламж үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх замаар иргэдийн эмнэлгээр үйлчлүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэх зорилгоор төрийн эмнэлэгт анх удаа нэвтрүүлж буй “үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нэгдсэн цахим систем” юм.

Өмнө нь иргэд цаасан гар картаа мартах, хаяж гээгдүүлэх, элэгдэж ноорсон өвчтөний картнаас  эмч өвчтөний түүхийг олж харахад цаг зарах асуудал үүсдэг байсан. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр иргэд хүссэн үедээ үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариуг биеэр ирэхгүйгээр цахимаар хүлээн авах, эрүүл мэндийнхээ мэдээллийг харах, хэвлэн авах боломж бүрдэж байна.  


Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар “E-Mongolia” буюу цахимаар үйлчилгээ үзүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Удахгүй монголчууд бид төрийн байгууллагын үүдэнд зогсож цаг хугацаагаа үрэх өдөр ард үлдэнэ. Өнөөдөр бол Монгол Улсын эрүүл мэндийн системийн томоохон түүхэн өдөр болж байна. Монголын эрүүл мэндийн салбар хамгийн хүмүүнлэг салбар юм гэж дэлхийд үнэлэгдэж байгааг хэлэхэд таатай байна” гэв.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “2015 оноос хойш эрүүл мэндийн даатгалын систем,  цаг товлох цахим үйлчилгээ зэрэг цахим үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн. Ингэснээр үйлчилгээтэй  холбоотой гомдол саналыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, ач холбогдолтой. Мөн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх , бэлэн байдлыг хангах чиглэлээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цагаа олсон зөв үйлчилгээ боллоо” хэмээн тодотгов.

Тус цахим үйлчилгээг нэвтрүүлсэн E-клиник компанийн захирал Г.Лхамсүрэн хэлэхдээ, “Технологи талаасаа блокчэйн дээр суурилсан технологи бөгөөд хувийн хэвшлийн 250 гаруй эмнэлэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн. Цаашид бүх төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэвтрүүлэх, хувь хүний нууцлалд илүү анхаарна” гэв.

Иргэд http://www.cancer-center.gov.mn/ сайтаар нэвтэрч, ХСҮТ-ийн дотоод системд бүртгэлтэй эсэхийг шалгана. Хэрэв бүртгэлгүй бол хувийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр ашиглах боломж нээгдэх юм.


Б.Содгэрэл





Холбоотой мэдээ