Д.Бадамцэцэг: Хүүхдийн бэлгэнд хүнсний биш оюун ухаан, танин мэдэхүй хөгжүүлэх тоглоом хийгээсэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-31 21:58:05

Төв /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уриалсан. Энэхүү баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар  Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэгтэй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөл хориог сунгасантай холбоотойгоор хүүхдийн баяраар олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй болсон. Тиймээс Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдээ хэрхэн баярлуулж тэмдэглэж өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-6 дугаар сарын 1-ний өдрийг угтаад “Бидний ертөнц" сэдэвт гар зургийн уралдааныг 1-3 анги, 4-6 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа. Мөн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд шууд буюу шууд бус дэмжлэг үзүүлэхээр аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын байгууллагаас 270 өрх сонгон 2 дахь жилдээ “Гэрээр ажиллах” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Түүнчлэн Төв аймагт Асрамж халамжийн төвд 11, Хуульзүйн хорооны хяналтад байдаг 3 хүүхдэд бэлэг гардуулахаар төлөвлөсөн.

-Энэ баяраар хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, тоглолт, хүүхдийн эрхийн талаарх хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сувгаар түгээх нь зүйтэй гэж эцэг эхчүүдийн төлөөлөл үзэж байгаа. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулах вэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн учир аймгийн телевизүүдтэй хамтран шууд эфирээр хүүхдүүдтэйгээ холбогдож нас насны онцлогт тохирсон танин мэдэхүй асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулна. Мөн “Аз жаргалтай микрофон” нэвтрүүлэг хийж хүүхдүүдийнхээ дуу хоолойг олон нийтэд хүргэж санал хүсэлтийг сонсохоор төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн нэвтрүүлгийн үеэр  Лүн, Батсүмбэр, Эрдэнэ гэсэн 3 сумын  идэвхтэй, урлагийн авъяастай хүүхдүүдийн мэндчилгээг шууд холбож дамжуулна. Мөн “Ээжийгээ баярлуулъя” уриатай үйл ажиллагааг аймгийн “TBS” телевизтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Уг арга хэмжээний зорилго нь хүүхдүүд аав ээждээ яаж хайраа илэрхийлэх талаар контент нэвтрүүлэг болох юм.

-Танай байгууллагаас  жил бүр ямар үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан вэ?

-Аймгийн Засаг даргын зүгээс  улсын болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан авъяаслаг сурагчдыг “Амжилтын од” медиалаар шагнадаг уламжлалтай. Энэ удаад 4 дэх жилдээ зохион байгуулах байсан ч энэ жилийн хувьд Covid-19 цар тахлын хөл хорионоос бүх ажил хойшилсон байгаа. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдийн судалгаа гарсан байна. Бидний зүгээс урьдчилсан байдлаар шагналыг нь бэлдээд сум руу явуулж сумдын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн олгох юм.

-2020 он гарсаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас ямар ажлууд зохион байгуулав. Төлөвлөсөн ажлууд нь хэр үр дүнтэй байна гэж харж байгаа вэ?

-Манай байгууллага сар болгон уламжлалт аяныг зохион байгуулдаг бөгөөд 2 дугаар сард “Би хариуцлагатай аав ээж”, 3 дугаар сард “Хамтдаа хөгжье” 4 дүгээр сард Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бүх хайраа гэр бүлдээ” гэх мэт аяныг зохион байгууулсан. Мөн Гэр бүлийн өдрөөр “Та хүүхдээ хэрхэн мэдэх вэ” үйл ажиллагааг Зуунмод сумын Эхчүүд охидуудын дунд явуулсан. Энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн сумддаа зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Төлөвлөсөн ажлууд маань үр дүнтэй, эцэг эхчүүдэд хүрч талархлын үгс ирсээр байна.

-Энэхүү өдрийг угтан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлэг өгдөг. Баярын  бэлгэндээ ундаа, чипс хийхийг хориглосон. Таны хувьд хүүхдийн бэлэг ямар байгаасаа гэж бодож байгаа вэ?

-Энэ бол нэн тэргүүнд маш чухал зүйл. Тиймээс миний хувийн зүгээс албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг баярын бэлгэнд хүнсний зүйл биш,  хүүхдүүдийн оюун ухаан, танин мэдэхүй  хөгжүүлэх тоглоом хийгээсэй гэж зөвлөмөөр байна.

-Сүүлийн хормыг таньд үлдээе

-Энэ цаг үед хүүхдүүд гэртээ байгаа болохоор ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдүүддээ анхаарал халамж тавьж байхыг эцэг эхчүүдээсээ хүсмээр байна. Мөн эцэг эхчүүд та бүхэн минь гадуур гарахдаа хүүхдүүдээ амны хаалт зүүлгэх, гарыг нь заавал угаалгаж байгаарай гэж зөвлөе.

 -Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ