“CSIS”: БНАСАУ-ын ураны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-05-30 13:47:08

ВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ уран баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг явуулсан хэвээр байгааг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харууллаа гэж АНУ-ын Стратеги, олон улсын судлалын төв /CSIS/ мэдээллээ.


CSIS” хиймэл дагуулаас гуравдугаар сард авсан Умард Хванхэ мужийн Пёнсан хот дахь үйлдвэрийн гэрэл зургуудыг баасан гарагт нийтэлжээ. Баяжуулсан уран үйлдвэрлэх материалыг хүдрээс ялган авдаг уг үйлдвэр нь Пёньяны цөмийн хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  


CSIS”-ийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хиймэл дагуулын гэрэл зургуудад үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүссэн хаягдал харагдаж байсан бөгөөд тэдгээр барилгаас утаа гарч байгаа нь мөн ажиглагджээ. “Цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрт уг үйлдвэрийг татан буулгах нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж “CSIS” мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлэх шинэ бодлогыг танилцуулсан талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.  

Холбоотой мэдээ