Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 185 боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 11:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр буюу өнгөрсөн сарын 31-нд 371 хүнд шинжилгээ хийснээс 6 хүнд шинэ коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 185 боллоо.


Дээрх 6 хүн нь энэ сарын 13-нд ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн цэргийн сургуулийн оюутнууд аж. Оюутнуудыг тусгаарлаад 18 хонож байхад вирус илэрч байгаа нь тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасны үр дүн гэдгийг Д.Нямхүү захирал онцолсон юм.


Тэрбээр, “Коронавирусний батлагдсан тохиолдлуудаас эдгэсэн 44 хүн байгаа. Эмчилгээнд 141 хүн байгаа. Биеийн байдлын хувьд 118 хүн хөнгөн, 23 нь хүндэвтэр байна. Өнөөдөр 179 хүний сорьц цуглуулж шинжилгээ хийхээр ХӨСҮТ-ийн ажилтнууд ажилдаа гарлаа” хэмээв. Түүнчлэн амны хаалт зүүх, нимгэн бээлий өмсөх, гарын ариун цэврийг сахихыг зөвлөлөө.


Монгол Улсын лабораториуд коронавирусний генийн дарааллыг өөрчлөгдөж буй эсэхийг өдөр бүр хянаж байгаа аж. Хэрэв генийн дараалал өөрчлөгдвөл дэлхий нийтэд вакцин үйлдвэрлэхэд хүндрэл үүснэ гэдгийг мөн онцолсон юм.

Холбоотой мэдээ