Аймгийн Сонгуулийн хорооноос цахим хурал хийв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-03 13:32:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн сонгуулийн хорооноос өнөөдөр цахим хурал зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2-ны өдөр албан ёсоор эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан аймгийн сонгуулийн хорооноос бүх сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.

Энэ удаагийн цахим хуралд 100 гаруй хүн оролцсон юм. Цахим хурлын үеэр оролцогчид сонгуулийн үеэр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам, нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааны үед болон ухуулах байранд тавих хяналт, зохион байгуулалттай холбоотой зарим тулгамдсан асуудлын талаар харилцан ярилцав.  

Энэ үеэр аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн хэлэхдээ: Сум, хэсгийн сонгуулийн хороонд ажиллагсад сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, цаг хугацааны хуваарь, ажлын зөвлөмж, чиглэлийг чанд мөрдөн ажиллах хэрэгтэй гэв.  

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ховд аймагт нэр дэвшихээр 17 хүн эрхээ авчээ.  

Холбоотой мэдээ