УИХ-ын ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт 14 хүн нэр дэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-03 18:29:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймгийн зургадугаар тойргоос нам, эвслийн 12, бие даагч хоёр нэр дэвшигч оролцохоор батлахаа гардан авч, зургадугаар сарын гуравнаас сурталчилгаагаа албан ёсоор эхэлж байна.

Өнөөдөр аймгийн төв буюу Чагдаржавын талбайд МАН-аас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаа болсон бол бие даан нэр дэвшигч Наранцацралтын Соёмбын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаа Ж.Наранцацралт агсны хөшөөний дэргэд боллоо. Мөн Шинэ авслээс нэр дэвшигч О.Ганбат, О.Эрдэнтөгс нарын сурталчилгааны нээлтийн ажиллагаа ТХДЖТ-т болсон. 

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, УИХ-ын гишүүн Гонпилдоогийн Мөнхцэцэг нарын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Р.Раш, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, академич С.Нарангэрэл, Чагдаржав сангийн тэргүүн Б.Амарсанаа, хүний гавьяат эмч, С.Батболдын ээж Ц.Янжин нарын төр, нийгэм, соёл урлаг, спортын зүтгэлтэн олон хүмүүс оролцсон бол Н.Соёмбын сурталчилгааны нээлтийн ажиллагаа түүний аав, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд асан Жанлавын Наранцацралтын гэгээн дурсгалд зориулсан хөшөөний дэргэд даруухан болж өнгөрлөө.

Энэ үеэр Н.Соёмбын ээж М.Алтанцэцэг хүүдээ аавынх нь амьд сэрүүндээ хэрэглэж байсан үзгийг гардуулан өгч, “Энэ үзгээр үзэглэх шийдвэр болгон нь ард түмнийхээ төлөө, онч мэргэн байг” хэмээн ерөөв.

Маргааш Ардчилсан намаас тус тойрогт нэр дэвшигч Б.Наранхүү, Л.Одсэр нарын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаа болно.

Дээрх таван нэр дэвшигчээс гадна Дундговь, Говьсүмбэр аймгийн зургаадугаар тойрогт "Зөв хүн электорат" эвслээс Б.Арвинбаяр, Та бидний эвслээс Д.Энхсайхан, Ц.Мөнхбаяр, "Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс Ц.Эрдэнэбат, Зон олны намаас Э.Батчимэг, МНН-аас Г.Батбаатар нар болон бие дааж П.Энхбаяр нар дэвшиж батлахаа гардан авсан байна. 

Холбоотой мэдээ