СОНГУУЛЬ-2020: Зон олны намын мөрийн хөтөлбөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд Зон олны намын дэвшүүлсэн "ЭЭЖ" мөрийн хөтөлбөр
Эмэгтэйчүүдийн
Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоно.
Эрх
Эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, эрх зүй, соёл, улс төрийн тэгш эрхийг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
Жендерийн тэгш байдал
Жендерийн тэгш байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
НЭГ. БИДЭНД БАЙГАА БОЛОМЖ
ХОЁР. ХҮРЭХ ЦЭГ
2.1. Хүний эрхийн үндсэн баталгааг хангах /Эдийн засгийн эрх чөлөө/
2.2. Эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах
2.3. Чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх
2.4. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх
2.5. Төрийн цэгцтэй бүтэц, залгамж чанар, тогтвортой байдлыг бий болгох
2.6. Нийслэл хот
2.7. Монгол үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх
ХУВЬСГАЛ БИШ ХУВЬСАЛ
Дэлхийд мэдлэг ноёлсон энэ цаг үед Монгол төрийн бодлогод шинжлэх ухаан, мэдлэг боловсрол үгүйлэгдэж байна. Монголд хагас жарнаар үргэлжилсэн улс төр, эдийн засаг, оюун санааны гүн хямралыг гэтлэх түүхэн цаг үеийн шаардлага үүсээд байна. Энэхүү нийгмийн захиалгаар Зон Олны нам аливаа буруу ташаа зүйлийг цэгцлэхэд чиглэсэн неоконсерватив /нэн шинэ уламжлалт/ үзэл баримтлал бүхий улс төрийн намын хувьд оюун санааны ХУВЬСАЛД Монгол түмнээ уриалж байна.
Зон олны нам нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай”, “Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгогч зон олондоо танилцуулж байна.
Монгол улсын онцлогт тохирсон тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, ОЮУНЛАГ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ЧИНЭЭЛЭГ ард олонтой Монгол улсыг бий болгоход ЗОН-ын мөрийн хөтөлбөрийн зорилго оршино. Монгол үндэстэн түүхийн олон шалгуурыг амжилттай даван туулж ирсэн. Монгол улсын өмнө тулгамдаж буй асуудлууд нь шийдвэрлэх боломжтой гэдгийг бидэнд байгаа боломж харуулж байна.
НЭГ. БИДЭНД БАЙГАА БОЛОМЖ
Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс
Оюуны потенциал - Залуу хүн ам
Гадаад харилцааны туршлага - Олон улсын харилцаа
Геополитик, геостратегийн хувьд газар зүйн ашигтай байрлал
Үзэсгэлэнт байгаль аялал жуулчлал - Шавхагдашгүй баялаг
Нүүдлийн мал аж ахуй – Нөхөн үржигдэх баялаг
Байгалийн баялаг – Хөшүүрэг
Хоёр хөршийн эдийн засаг, зах зээл – Боломж
Төрт ёс, түүх соёлын гүн гүнзгий баялаг уламжлал – Нэгдмэл
Гадаад дотоодын зөрчил, шашны тэмцэл мөргөлдөөнгүй – Тайван
Дээр дурдсан боломжууд Монголын ард түмэнд асар их үнэ цэнээр бий болсон. Монгол улс эдгээр боломжоо ашиглан хүрэх цэгээ дараах байдлаар тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх боломжтой.
ХОЁР. ХҮРЭХ ЦЭГ
2.1. Хүний эрхийн үндсэн баталгааг хангах /Эдийн засгийн эрх чөлөө/
2.1.1. Бусдаас эдийн засгийн хараат бус байхыг хүний эрхийн үндсэн баталгааны чухал үзүүлэлт гэж үзнэ. Эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байх ажлын байр, цалин орлого, жижиг дунд бизнес эрхлэх таатай орчны нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.1.2. Хувийн өмчийг хамгаалах нь Зон Олны намын үүрэг, шударга зарчимд нийцнэ гэж үзнэ. Хувийн өмчийг хөхиүлэн дэмжих, хамгаалахын төлөө өнгөрсөн үеийн хийсэн ололтыг баталгаажуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулна.
2.2. Эдийн засаг дах төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах
2.2.1. Төсвийн зардлыг эрс бууруулна.
2.2.2. Татварыг бууруулах бодлого баримтална. Татварын цэгцтэй бодлого, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
2.2.3. Нийгмийн халамжийг бууруулж, халамжийн бодлогыг чанаржуулна.
2.2.4. Ажилгүйдэл, мөнгөний эргэлтийн хэмжээ зэрэг асуудалд бодлогоор зохицуулалт хийхийг эрмэлзэнэ.
2.2.5. Бизнесийн гараанд нөлөөлөх төрийн нөлөө, дарамтыг бууруулна.
2.2.6. Зах зээлд өрсөлдөөнийг дэмжиж, эдийн засагт төрийн зохисгүй оролцох явдлыг хязгаарлана.
2.2.7. Төрөөс эдийн засгийн амьдралд эдийн засгийн макро түвшний асуудлыг /инфляци, хямрал/ зохицуулах бодлогыг баримтлах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.2.8. Чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн зарчмыг бүх талаар баримтлах бодлого хэрэгжүүлнэ.
2.3. Чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх
2.3.1. Хүний эрхийн үндсэн баталгааны чухал үзүүлэлт болох эдийн засгийн эрх чөлөөг хангаснаар улс төрийн чөлөөт өрсөлдөөнд хөтлөгдөнө.
2.3.2. Чөлөөт өрсөлдөөний орчинд улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулна.
2.4. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ
2.4.1. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг Монгол улсын хөгжлийн гол тулгуур гэж үзнэ. Төрийн аливаа бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаан, технологи, мэдлэг туршлагад түших ёстой гэж үзнэ. Шинжлэх ухаан, боловсролын салбарыг өрсөлдөөнт зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгоно.
2.4.2. Орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, технологийн бизнест таатай орчинг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
2.4.3. Олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарын бизнест Монгол хүн, Монгол аж ахуйн нэгж байгууллага өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.4.4. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.5. Төрийн цэгцтэй бүтэц, бодлого, залгамж чанарыг бий болгох
2.5.1. Түүхэн туршлага, уламжлалт үнэт зүйлс, хэм хэмжээ, залгамж чанарт тууштай байх үзэлд суурилсан төрийн цэгцтэй, тогтвортой бүтцийг бий болгоно.
2.5.2. Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг тогтвортой, тасралтгүй залгамжлах, “тогтвортой байр суурь” төлөвшлийг бий болгоно.
2.5.3. Төрийн албаны ажилтан, албан хаагчдын ажлын байр, бүтцийг сонгууль дамжин өөрчилдөг асуудлыг улс төрийн шийдвэрээс бүрэн тусгаарлаж, хууль эрх зүйн хувьд нэг мөр шийдвэрлэнэ.
2.5.4. Монгол Улсын “хүрэх цэг”-ийн бодлого, зарчмыг тодорхойлж, Төрийг зөв тийш цэгцрэх урсгалд хөтөлнө.
2.5.5. Иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх урт хугацааны хөтөлбөрүүдийг дэмжих бодлого баримталж, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлнэ.
2.5.6. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үр дүнтэй, цахим, дижитал технологийн дэвшилтэд хэлбэрт шилжүүлэх чиглэлд холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.6. Нийслэл хот
2.6.1. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа амьдрах орчин, хотын асуудлыг шийдвэрлэх урт хугацааны хөтөлбөр боловсруулна.
2.6.2. Нийслэлийн түүхэн дүр төрх, түүхэн дурсгал, соёлын үнэт зүйлүүдийг хадгалж хамгаалах хууль санаачлан хэрэгжүүлнэ.
2.6.3. Нийслэл хотыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх бодлого боловсруулна.
2.6.4. Хотын төвлөрлийг бууруулах зорилгоор хувийн хэвшлүүдийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэл инновацид тулгуурласан дагуул хот, хотхонуудыг барьж байгуулан хөгжүүлэх санал санаачлагыг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.7. Монгол үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх
2.7.1. Монгол хүний хөдөлмөрийн үнэ цэнийг Монгол улсад зохих түвшинд үнэлж, бусад улс орны хөдөлмөрчид, ард олны адилаар үр шимээ хүртэх эрх зүйн боломжийг бий болгоно.
2.7.2. Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой Монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
2.7.3. Монгол хүн бусад улсын иргэдийн адил бий болгосон баялаг, бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтаа олон улсын зах зээлд гаргаж, түүнээс үр шим хүртэх эрх зүйн орчинг сайжруулна.
2.7.4. Монгол улсын хүн амын өсөлтийг тусгайлан дэмжих хууль эрх зүйн болон эдийн засгийн орчинг бий болгох бодлого хэрэгжүүлнэ.
2.7.5. Нүүдлийн соёл ахуйг үнэлэх үнэлэмжийг сэргээж, хууль эрх зүй, эдийн засгийн оновчтой бодлогоор түүнээс хүртэх үр шимийг нэмэгдүүлнэ.
2.7.6. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулна.
2.7.7. Монгол хүн, Монгол үндэстэн өөрийн онцлог бүхий түүх соёлыг бий болгож, хүн төрөлхтний хөгжлийн явцад өөрийн хувь нэмрээ оруулж, түүхэнд ул мөрөө тод үлдээж ирсэн нь Монгол хүнийг үнэлэх үнэлэмжийн нэгээхэн хэмжүүр юм. Монгол хүний түүхийн туршид бий болгосон ололт амжилтыг соёл, боловсролоор дамжуулан өнөө цагт үргэлжлүүлэн залгамжилж, үр хойчдоо үлдээх чиглэлээр бодлого боловсруулан ажиллана.