Японоос импортлох бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-09 15:18:01

Зургадугаар сарын 7-ноос эхлэн  Японоос импортлох 0-3 жилийн насжилттай автомашины гаалийн татварын  5 хувийг  хөнгөлөх  сайн мэдээ байна.

Өнөөдөр ГХЯ-нд  болсон Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн талаарх бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалтаар  албаныхан тодотгосон юм.

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд ноот бичгийг өчигдөр солилцлоо. Ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 7-ноос эхлэн хэлэлцээр хүчин төгөлдөр болно хэмээн Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн онцлов.

 Хэлэлцээрт заасны дагуу манай талаас  5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн  бараа бүтээгдэхүүнийг  импортын гаалийн татвараас чөлөөлөх юм.  Гаалийн татварыг чөлөөлөх  ажлыг 4 үе шаттай хэрэгжүүлэх аж. Нийт гаалийн бараа 97 бүлэг байдгаас эхний ээлжинд  59.7 хувь буюу 3423 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зургадугаар сарын 7-ноос эхлэн импортын 5 хувийн тариф төлөхөөргүй болж байна. Япон улсын экспортлож буй 8004 нэрийн барааны тарифыг чөлөөлнө.

 ГХЯ-ны Эдийн засаг Хамтын ажиллагааны газрын дарга А.Ариунаа ярихдаа, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд 17 дэд хороо байгуулагдан ажиллаж байна. Ирэх сарын 7-нд хоёр орны хамтарсан хороодын хуралдаан  болно. Үүгээр олон асуудлыг шийднэ. Монгол-Япон улсын  жилийн нийт худалдааны эргэлт 300-500 сая ам.долларт хүрдэг гэсэн тооцоо бий. Энэ нь монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Харин чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар өсөх төлөв байна. Бизнес эрхлэгчиддээ хэлэхэд Япон руу бараагаа экспортлох гэж буй бол зургадугаар сарын 7-ныг хүлээх хэрэгтэй. Тухайлбал 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортлоход төлдөг 10-14 хувийн татварыг чөлөөлнө. Өөрөөр хэлбэл манай бизнес эрхлэгчид  10-14 мянган ам.доллар хэмнэнэ. Арьс шир, үслэг эдлэлийн бүтээгдэхүүн гэхэд 24 хувийн татвараас чөлөөлөгдөнө. Хэлэлцээрт зааснаар 0-3 жилийн насжилттай Японоос импортлосон автомашин 5 хувийн гаалийн татвараас чөлөөлөгдөх бол 10 жилийн насжилттай автомашин үүнд хамаарахгүй. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд 1,3,5 жилийн хугацаатай виз олгох асуудлыг тусгасан. Гол нь манай талаас Японы чанарын шаардлагыг хангах,  гарал үүслийн гэрчилгээг авахад анхаарч ажиллах нь чухал байна”гэв.

Дээрх хэлэлцээрийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдэд том боломж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

 Монголд хамтын ажиллагааны анхны загвар компанийг байгуулсан  “Санко” группийн захирал Шимизү Такаши:

-Манай компанийг аав минь 52 жилийн өмнө  машины эд анги хийхээр байгуулж байлаа. Эдүгээ 64 жилийн ойтойгоо золгож байна. 2005 онд Монголд албан ёсоор компаниа байгуулж байлаа. Одоо 3 компани Монголд үйл ажиллагаагаа явуулж буй юм. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр нь зөвхөн худалдаа гэлтгүй хүн хоорондын харилцааны асуудлыг хөндөж буйгаараа онцлогтой. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. ЖДҮ эрхлэгчид томоохон аж ахуйн нэгжүүдээс илүү хурдан шийдвэр гаргаж хөрвөх чадвар сайтай байдгаараа давуу юм. Миний хувьд  ЖДҮ-ээ бодлогоор дэмжих  хэрэгтэй гэж боддог. Банкны зээлийн хүүг уян хатан болгох, бизнес эрхлэгчдээ сургах, гадны туршлагыг судалснаар ЖДҮ өсч өндийнө.

  Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал:

- Монгол Улсад маш өгөөжтэй хэлэлцээр юм. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Япон руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор тохиролцсон. 2010 оноос Монгол Улс чацарганаа Японд экспортлож эхэлсэн. Бид тоо хэмжээ гэхээсээ илүүтэй чанарт анхаарч ажиллахыг зорьж байна. Японы олон компани манай чацарганыг сонирхож байна. Монгол чацарганы шүүсний стандартыг бид батлуулсан. Одоо Монгол чацарганы газарзүйн заалтыг гаргахаар ажиллаж байна. Чацарганы нөөц, кластр, технологи, сав баглааны талаар Японы талаас зөвлөмж авах хүсэлтэй байгаа. Үүнд хамтарч ажиллах саналтай байна. Япон эмч, Монгол чацарганы бүтээгдэхүүн хэрэглээд 30 жил ийм сайн бүтээгдэхүүнтэй таараагүй гэж хэлж байсан.Тиймээс бид чацарганыхаа нөөцийг нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой.

 "Рояал плаза" компанийн ерөнхийлөгч Д.Дагвадорж:

-Эдийн засгийн энэ түншлэл монголчуудад илүү өгөөжөө өгнө гэж харж байна. Тиймээс монголчууд нэг удаагийн сэтгэлгээгээр бус урт хугацаанд өгөөж авахаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Сайн чанартай бүтээгдэхүүн бид гаргаж чадвал зөвхөн Японоор хязгаарлагдахгүй, Хятад, зүүн өмнөд Ази руу экспортлож эдийн засгаа өндийлгөх бүрэн боломжтой.  Японы Хоккойда мужтай адилхан уур амьсгалтай газар манай оронд бий.  Манай компани цагаан будаа тарихаар ажиллаж байна. Энэ жил Халх голд 2400 га-д тариалалт хийлээ. Мөн хүйн эхэсээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр лабораторийн судалгаа хийж байна. Ингээд үйлдвэрлэл явуулж байхад тээврийн асуудал хүндхэн байна. Дорнодоос ОХУ-аар дамжуулан Япон руу бүтээгдэхүүнээ гаргахаар болсон. Цаг хугацаа алдаж буй ч эрсдэлгүй бизнес гэж юу байх вэ. Тиймээс тээвэрлэлтийн асуудлыг шийдэх нь чухал. Гол нь монголчууд амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй.

ЭССИ интернэшнл ХХК-ийн захирал Б.Соронзонболд:

-Манай компани  2008 оноос самрын тос үйлдвэрлэн Европын холбооны орнуудад экспортлохоор ажиллаж эхэлсэн.  Самрын тосны хувьд Монгол, ОХУ гол үйлдвэрлэгч  болох боломжтой. Японы судлаач самрыг 30 жил судалсантай таарч байсан. Манай улс самар, самрын тосоо дэлхийн брэнд болгох боломжтой.  

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ