Номын баяр Мишээл экспо төвд гурван өдөр үргэлжилнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-05 17:45:50
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай 27 дахь удаагийн “Улаанбаатар номын баяр 2020”-ыг Мишээл экспо төвд өнөөдөр нээлээ.


Номын баярын нээлтэд АУЗ П.Бадарч, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, зохиолч, нийтлэлч Б.Наминчимэд, зохиолч, яруу найрагч Б.Шүүдэрцэцэг нар оролцов. Энэ сарын 5-7-ны өдрийг дуустал үргэлжлэх Номын баярыг энэ жил цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой.


Иргэд Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Түүнчлэн хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, Монгол шуудангаар гэртээ хүргүүлэх боломжтой юм.


“Улаанбаатар номын баяр-2020”-ыг зохион байгуулагч, “Язгуур контент” ХХК-ийн захирал Г.Ганчулуун, ”Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн номын баярыг цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Иргэд та бүхэн гэрээсээ гаралгүй цахимаар номоо захиалах эсвэл аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, бээлийгээ өмсөж хүрэлцэн ирж хүссэн номоо худалдан авах боломжтой. Бид ирсэн хүн бүрийн халууныг хэмжиж нэвтрүүлж байна. Мөн номын баярыг Монгол орон даяар шууд дамжуулж байгаа бөгөөд ном худалдан авах хүсэлтэй иргэд “Mplus” аппликейшнээр захиалж, Монгол шуудан ХК-ийн хүргэлтээр  гэртээ шууд хүргүүлэх боломжтой” гэв.


АУЗ П.Бадарч хэлэхдээ, Бурхан багшийн Их дүйчин өдрөөр 27 дахь удаагийн номын баяр давхцаж байгаад бэлгэшээж байна. Арвин номгүй хүн бол морьгүй хүнтэй адил. Ном ертөнцийн бүх зүйлийг алган дээр тавьсан юм шиг тоочиж өгдөг. Хүүхэд багачууд, сурагчид, залуу үе ажил алба нь ямар байх нь хамаагүй унших хэрэгтэй. Ном уншдаггүй хүнтэй итгэж нөхөрлөж байх хэцүү. Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа учир Бурхан багшийн сургаалийг уншихад гэмгүй. Миний хувьд энэ удаагийн номын баярт, “Судартай ногоон дэлхий дээр”, “Бурхан багшийн сургаал”, “Бөрттэй цагаан сарны дор” номуудаараа оролцож байна” хэмээсэн юм.


Өнгөрсөн сард зохион байгуулах байсан ч Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилсон номын баярын ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц”, хамтран зохион байгуулагчаар “Mplus”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “МОНЦАМЭ агентлаг”, дэмжигч байгууллагаар “KEWIKO”, “JCI”, “HATUN MODEL TALENT MANAGEMANT” загварын агентлаг, “Монгол шуудан”, “MGL” media group, “Itools”, “Foley and recording studio” зэрэг байгууллага ажиллаж байна.







Б.Содгэрэл




Холбоотой мэдээ