Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар 100 гаруй алба хаагч ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 7 ангийн 100 гаруй алба хаагч Улсын их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраахаар ажиллалаа.
Уг галын тухай дуудлага мэдээлэл 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Галын шалтгааныг тогтоох ажлын хэсэг томилогдон ажиллах бөгөөд тус дэлгүүрт засвар хийж байсан иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болсон байж магадгүй тухай Онцгой байдлын алба хаагч урьдчилсан байдлаар мэдээллээ. Гал гарч байхад барилга дотор ажиллаж байсан зургаан хүний амийг авран хамгаалсан тухай тэрээр мөн дурдсан юм.