ШЕЗ-ийн гишүүдийг сонгох товыг тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-09 17:49:47

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдох нэр дэвшигчийг тодруулах ажлын  комисс өнөөдөр ШЕЗ-ийн байранд хуралджээ.

ШЕЗ-ийн 24 дүгээр тогтоолоор баталсан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисс анхны хуралдаанаа хийлээ. Тооллогын төв комисс нь шүүгчээр хамгийн олон жил ажилласан тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисст Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ням, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван нар оржээ. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисст Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Батсайхан нар багтсан байна. Олонхийн саналаар Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын даргаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзанданг, Давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний  Тооллогын төв комиссын даргаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн нарыг тус тус сонгов. Мөн энэ хуралдаанаар Анхан болон Давж заалдах шатны шүүхээс ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал хураах ажиллагааг явуулах товыг тогтоосон байна гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ