Хөндлөн чиглэлийн авто зам Баруун бүсийн хөгжилд том хөрөнгө оруулалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-06-08 15:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун бүсийн Хөндлөн /босоо тэнхлэг/ чиглэлийн авто зам нь бүс нутгийн тээврийн сүлжээг сайжруулаад зогсохгүй, орон нутгийн иргэдийг нийгэм, эрүүл мэнд, боловсрол болон бусад үйлчилгээнд бага зардлаар шуурхай нэвтрэх боломжоор хангах юм.


Мөн зам хэрэглэгчдэд шууд ашгаа өгөхөөс гадна орон нутгийн эдийн засгийн хөгжил, ажлын байр шинээр бий болгоход тодорхой үр дүнгээ өгнө. Төслийн эргэн төлөгдөх эдийн засгийн дотоодын өгөөжийн хувь хэмжээ ойролцоогоор 16.25 хувь буюу хамгийн ашигтай хэмжээнд байгаа аж.


Баруун бүсийн Хөндлөн чиглэлийн /босоо тэнхлэг/ авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийн тухай товч танилцуулгыг та бүхэнд сонирхуулж байна.


Монгол Улсын баруун бүсийн Хөндлөн чиглэлийн авто зам БНХАУ-тай хил залгаа байрлах Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хиллэдэг Улаанбайшинтын хилийн боомт хүртэл 745,8 км урттай бөгөөд энэ коридор /хонгил/ нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4 “а” чиглэлийн нэг хэсэг юм.


Уг коридорыг Азийн авто замын төлөвлөлтийн стандартыг хангахуйц асфальт бетон хучилттай авто замаар бүрэн холбосноор Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжиж улмаар дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол улсын хувьд тээврийн стратегийн чухал ач холбогдолтой авто зам юм.


Энэхүү корридорыг бүхэлд нь хатуу хучилттай авто замтай болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллага болох Азийн хөгжлийн банк АХБ, БНХАУ-ын “EXIM” банктай хамтран ажиллаж, үе шаттай буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлж буйгаас 2011-2015 онд 359,4 км зам ашиглалтад оруулсан юм.


Үүнд: АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн буцалтгүй тусламжаар Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага Улаан даваа-Манхан сум чиглэлийн 103.3 км, нийт 214.1 км асфальт бетон хучилттай авто зам, БНХАУ-ын “EXIM” банкны хөнгөлөлттэй зээлээр Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км, Манхан-Ховд чиглэлийн 85.3 км, нийт 145.3 км асфальт бетон хучилттай авто зам багтжээ.


Хоёр дахь үе шат буюу АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр дор дурдсан авто замын ажлыг 2015 оны 8 дугаар сараас барьж 2018-2019 онд улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.


Үүнд: Багц CW1-1: Хашаатын даваа-Шургийн гүүр чиглэлийн 50 км авто замыг БНХАУ-ын “Чайна Хуаши Интер прайзис” компани барьж 2018 онд ашиглалтанд оруулсан. Багц CW1-2: Шургийн гүүр-Ховд чиглэлийн 56.6 км авто замыг БНХАУ-ын “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” компани барьж 2018 онд ашиглалтанд оруулсан. Багц CW1-3: Хашаатын даваа-Толбо чиглэлийн 60 км авто замыг БНХАУ-ын “Чайна Хуаши Интерпрайзис” компани барьж 2019 оны 11 дүгээр сарын 16-нд улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.


Мөст сумын 20.3 км авто замыг 2018 оны 11 дүгээр сард Зам, Тээврийн Хөгжлийн яам, “Хотгор Зам” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд ажлын явц 93 хувьтай, энэ оны 7 дугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.82 км авто замын ажлыг 3 багц гэрээгээр гүйцэтгэхээр ЗТХЯ авто замын барилгын гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК, “Хотгор Зам” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд захиалагчаас 2020 оны 5 дугаар сарын 06-нд улаан шугам хүлээлгэн өгсөн. Багц-1-ийн замын трассын гадаслагаа хийгдсэн, хэмжилтийн ажлууд, талбайн цэвэрлэгээ, өвс ногоог хуулах ажил хийгдэж байгаа аж. Мөн 1,6 км өнгөн хөрсийг хуулж, чулуун карьерын материалын шинжилгээ төв лабораторид хийгдсэн байна.


Гэрээ ёсоор Багц-1: 6.76 км авто зам, Багц-2: 201.08 урт метр төмөр бетон гүүр /260 м зам/, Багц-3: 11.8 км авто замыг 2020 онд дуусгах юм.


Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замыг ЗТХЯ авто замын барилгын гүйцэтгэгч БНХАУ-ын “Лонгжиан Роуд энд Бридж” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд Ковид-19 халдварын улмаас хятад ажилчдыг Монгол Улсад оруулах ажил түр хойшлогдож байгаа ч улаан шугам хүлээлгэн өгөх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна.



Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас одоогоор ОХУ-тай хил залгаа хилийн боомт хүртэлх Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км зам баригдаж эхлээгүй бөгөөд энэ зам баригдсанаар коридорын авто зам бүхэлдээ баригдаж дуусах юм.


Төслийн авто зам нь Монгол Улсын Баруун хязгаарт Алтайн нурууны өндөрлөг уулсын бүсэд орших Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа. Иймд өндөр уулсын агаарын нөлөөгөөр хүйтэн уур амьсгалтай буюу намартаа эрт хүйтэрдэг, зундаа орой дулаардаг нь Хашаатын даваа-Толбо чиглэлийн зам барилгын ажлын улиралд тодорхой нөлөө үзүүлж байгаа юм.


Төслийн хүрээнд баруун бүстээ хамгийн өндөр даваа болох Бураатын даваанд 17 метр өндөр далангийн ажил гүйцэтгэсэн нь нэлээдгүй цаг, хугацаа зарцуулжээ. Мөн Алтайн нурууг давж, Бодончийн хавцалд хад чулууны нуралтаас хамгаалсан торон хана, хэд хэдэн уулзвар замууд, нийт 4-6 хэсэгт амрах болон автомашины зогсоол барьсан, мөн үерийн хамгаалалтын болон хажуугийн бетон шуудуу зэргийг гүйцэтгэжээ.


Огцом эргэлт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэргээс шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч замын дагуу анхааруулах, хориглох, заах, зохицуулах, мэдээлэх тэмдгүүд, туузан хашлага, дохионы шон зэргийг зураг төсөл, стандартын дагуу байрлуулсан байна.


Энэ төслийн хүрээнд тус бүр нь 30 - 150 метр урттай, нийт 1637,07 метр хүчитгэсэн төмөр бетон гүүрийг ажлын зураг, техникийн шаардлагын дагуу олон улсын болон дотоодын зөвлөхийн хяналтан дор барьсан байна.


Эдгээр авто зам нь Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын техникийн III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлага, төлөвлөлтийн хурд, хэвтээ болон босоо төлөвлөлт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах уулзвар, амрах талбай, автомашины зогсоолын шаардлагыг хангасан төвөгшил ихтэй газар оронд баригдсан гэдгээрээ давуу талтай юм.



Төслийн техник, эдийн засгийн үндэслэлээр авто замыг бүхэлд нь барьснаар 2020 он гэхэд авто замаар явах хөдөлгөөний дундаж хурд 40-80 км/цаг болж нэмэгдэх, Ярантын хилийн боомтоос Улаанбайшинтын хилийн боомт хүртэлхи зорчих хугацаа 8-10 цагаар багасах, Ярант болон Улаанбайшинтын хилийн боомт дахь ачаа, зорчигчийн хил, гаалиар нэвтрэх хугацаа 5 цагаар багасах юм. Мөн 2010-2020 онд Ярант болон Улаанбайшинтын хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөний эрчим жилд 15 орчим хувиар тус тус нэмэгдэхээр тооцоолсон байна.

Холбоотой мэдээ