Ц.Баатархүү: Санал худалдаж авах оролдлогыг мэдээлбэл урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-09 11:31:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй бүх улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулан урьдчилсан сонгууль зохион байгуулж турших шаардлага СЕХ-нд хүргүүлж буйгаа АН-аас өнөөдөр мэдээлэв. 


Засгийн газраас баталсан Коронавируст цар тахлын үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах тухай журмын хүрээнд энэ удаагийн сонгууль болно. Ингэхдээ, улсын хэмжээнд 2070 хэсгийн хороонд санал авах юм. Дээрх журмын хүрээнд санал авахад, нэг хүн дунджаар 7-10 минут зарцуулна гэсэн урьдчилсан тооцоог гаргасан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд тодотголоо. 


Тэрбээр, "Дээрх хугацаанд иргэд саналаа өгнө гэвэл сонгуулийн өдөр багтаж амжих эсэх асуудал үүснэ. Түүнчлэн сонгогчийн ирц хүрэхгүй байх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгогчийн сонгох эрх алдагдахад хүрнэ. Тиймээс АН-аас СЕХ-нд бүх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулан санал авах ажлыг нэг хэсгийн хороонд зохион байгуулж турших шаардлага хүргүүлж байна. Ингэхгүй бол сонгуулийн өдөр иргэд бөөгнөрөх, маргах нөхцөл байдал үүсэж болзошгүй" хэмээв. 


Мөн тэрээр, мөнгө, эд зүйл тараах, хууль бусаар санал худалдаж авах гэсэн оролдлого гарвал АН-д баримттайгаар мэдээлэхийг уриалж, тухайн мэдээллийг урамшуулж авахаа хэллээ. Хэрэв хууль бусаар санал худалдан авах үйлдэл гаргавал тухайн этгээдийг тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин үржүүлж торгох хуулийн заалттай байдаг гэдгийг сануулаад, энэ нь сонгуулийг шударга, мөнгөний биш мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. 


АН-ын хуулийн хэлтсийн дарга н.Ариунболд, Сонгуулийн тухай хуулийн 81.7-д заасны дагуу сонгогчийн саналыг авах зорилгоор тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин нэмэгдүүлж торгохоор заасан хэмээн тайлбарлаад, ийм үйлдлийг мэдээлбэл, мөн ижил үнэлгээг иргэдэд олгож, хуулийн байгууллагаар шалгуулна хэмээлээ. 

Холбоотой мэдээ