В.Путин ажилгүйчүүдэд дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-09 11:39:47

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар хийсэн зөвлөгөөний дараа сул ажлын байр зарлах, хайх интернэт портал байгуулахыг Засгийн газартаа үүрэг болгов.


“Иргэд, байгууллагуудад түр ажлын байр, тэр дундаа ажилд зуучлах саналыг хайж олох, холбогдох хууль эрх зүйн харилцааг бий болгох боломжийг олгох мэдээллийн нэгдсэн платформыг цахим орчинд бий болгохтой холбоотой асуудлуудыг боловсруулахыг ОХУ-ын Засгийн газарт үүрэг болголоо” гэж Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ.  Холбогдох тайланг тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин долдугаар сарын 1-нээс өмнө илтгэх ёстой байна.


Түүнчлэн, 2020 оны гуравдугаар сарын 1-нээс хойш үйл ажиллагаагаа зогсоож, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад ажилгүй гэж бүртгүүлсэн хувиараа бизнес эрхлэгчдэд ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг гурван сараар сунгахыг даалгасан байна. Мөн энэ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлж, 4500 рубль болгохыг үүрэг болгожээ.


Үүний зэрэгцээ, 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор ажилтнуудын алсын зайн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, хөдөлмөрийн харилцааг бүрдүүлэхдээ тоон технологийг нэвтрүүлэхэд чиглэгдсэн өөрчлөлтийг ОХУ-ын Хөдөлмөрийн хуульд оруулах саналыг бэлтгэхийг Мишустинд даалгасан байна.


Холбоотой мэдээ