"COVID-19”-ийн тухай хүүхдийн номыг монгол хэлнээ хөрвүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-06-09 14:16:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын тухай 6-11 насны хүүхдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар монгол хэлээр гарлаа.


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын дэмжлэгтэй бүтээсэн тус номыг монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг Хүүхдийг ивээх сан зохион байгуулжээ.


Арио хэмээх үлгэрийн баатар өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас хэрхэн хамгаалж, хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэл санааны хүндрэлийг хэрхэн даван туулж байгаа тухай өгүүлэх уг номыг бүтээхэд дэлхийн улс орнуудаас 1700 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нар гар бие оролцжээ. Тэд “COVID-19” халдвартай хэрхэн тэмцэж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан нь уг номын зураг болон зохиолыг бүтээсэн Хелен Патрик, төслийн багт туслалцаа болсон аж.


Видео номоос гадна монгол орны өнцөг булан бүрт байгаа хүүхдэд зориулан цөөн тооны хэвлэмэл ном бэлэн болжээ. Уг номыг ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 10 мянган хувийг хэвлүүлэн нийт 9 дүүрэг, 21 аймагт түгээх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Харин Хүүхдийг ивээх сан Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, зорилтот 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг хамтрагч байгууллагуудад 3750 ширхэгийг түгээх юм.  


“Чи бол миний баатар” нь “Inter-Agency Standing Committee” буюу олон улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг НҮБ-ын байгууллага, үндэсний болон олон улсын байгууллага, ТББ-ын хамтарсан “Байгууллага хоорондын байнгын хороо”-ны Онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын багийн хэрэгжүүлсэн төсөл юм.


Видео номыг үзэх:https://www.youtube.com/watch?v=o2MxscOHYSE&t=601s


Номыг татаж авах: https://interagencystandingcommittee.org/iasc-reference-group-mental-health-and-psychosocial-support-emergency-settings/my-hero-you



Холбоотой мэдээ