Мандалговьд цаг орчим харанхуйлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-09 17:05:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр 14 цагийн орчимд Дундговь аймгийн Мандалговь хотыг бүхэлдээ харанхуй нөмөрч, хүчтэй нөөлөг салхи салхиллаа.

Байгалийн энэ үзэгдэл 12 цаг 36 минутын орчимд Сайхан-Овоо сумын нутагт болж, улмаар Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайнцагаан, Дэлгэрцогт сумын нутгаар дайран өнгөрч, одоо Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал суманд ажиглагдаж байна.

Салхины хүч Эрдэнэдалай суманд 35 м/с, бусад сумын нутагт 20-26 м/с хурдтай байсан бөгөөд үргэлжлэх хугацааны хувьд Мандалговь хотод нэг цаг 11 минут, бусад газарт 30 орчим минут үргэлжилсэн байна.

Дундговь аймгийн нийт нутгаар хур тунадасгүй, хуурайшилт ихтэй байгаагийн улмаас хөрс суларч, салхины нөлөөгөөр агаарт дэгдэн ийм үзэгдэл болж байгаа аж.

Энэхүү нөөлөг салхийг ард иргэд, малчид “угалз” хэмээн нэрлэдэг. Энэ хавар тус аймгийн хэмжээнд хэд хэдэн удаа ийм нөөлөг салхи болсон бөгөөд Мандалговь хотод хамгийн олон буюу долоон удаа ажиглагдсан байна.

Далайн давалгаа мэт орж ирэх ийм салхи өмнө нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд олон аймгийн нутгийг хамран болж байсан бөгөөд Дундговь аймагт хамгийн хүчтэй салхилж байжээ. 

Холбоотой мэдээ