БНЧУ-аас Хүрээ амаржих газарт нярайн шарлалтыг анагаах аппарат гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа БНЧУ-ын Элчин сайдын яам болон “Диасис Монголиа” ХХК-ийн хамтарсан төслийн хүрээнд Нийслэлийн Хүрээ амаржих газарт нярайн шарлагын аппарат өнөөдөр гардууллаа.
Чех улсын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн “TSE” компанид үйлдвэрлэсэн 31 сая төгрөгийн өртөг бүхий, хамгийн сүүлийн үеийн, европ стандартын, нярайн нэн шаардлагатай дөрвөн ширхэг шарлагын аппаратыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.
Дөнгөж төрсөн нярайн элэг бүрэн хөгжөөгүй байдаг тул цусан дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй цусанд байх хэвийн хэмжээнээс илүүддэг. Энэ нь хүүхдийн нүдний цөцгий, арьс салст, тагнайд шар туяатай болох шинжээр илэрдэг. Энэхүү шинжийг нярайн шарлалт гэж нэрлэдэг байна. Шарлалт гүнзгийрвэл тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай аж.
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский хэлэхдээ, “Манай улс Монгол Улстай удаан хугацааны хамтын ажиллагаатай. Тэр дундаа эрүүл мэндийн салбартай тууштай хамтран ажиллаж байна. Үүний илрэл нь Монгол Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг барьж, дараа нь түүнийг Чехийн “Линет” компанийн орчин үеийн эмнэлгийн ороор тоноглоход хувь нэмрээ оруулсан. Мөн ГССҮТ-д болон Эрдэнэт хотын эмнэлэгт “Кури” компанийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тэргэнцрүүд хандивласан. Түүнчлэн төвөөс алс байдаг хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд явуулын эрүүл мэндийн төвүүдийг нийлүүлсэн зэргийг дурдаж болно” хэмээв.
Энэхүү ёслолд Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал, “Диасис Монголиа” ХХК-ийн захирал Б.Баясгалан болон тус эмнэлгийн эмч, ажилтнууд оролцсон юм.
Б.Содгэрэл