Ө.Энхтүвшин: 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шуурхай зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-11 14:39:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад орон сууц олгох асуудлыг хэлэлцсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.


Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” тогтоол баталж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулж 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай шуурхай зохион байгуулахаар болсон. 


Эхний ээлжинд ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууцны батламж гардуулснаар энэ ажил хэрэгжиж эхэлсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийн эхэнд тодотгов. Орон сууцаа тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 20-ны дотор НОСК-д захиалга өгөх юм. Ингэхдээ, барилга нь 100 хувь дуусаж, улсын комисс хүлээж авсан байх, чанарын шаардлага бүрэн хангасан хэдий ч мкв-ын үнэ харьцангуй хямд байх гэсэн шаардлага тавих аж.


Шадар сайд Ө.Энхтүвшин, "Өмнө нь гарч байсан алдааг бид давтахгүй. Тухайлбал, НОСК дээр гарч байсан алдаа одоо ч хууль шүүхийн байгууллагаар явж байна. Тэр нь өөрийн хамаарал бүхий компанийнхаа орон сууцыг чанар үл хамааран төрийн мөнгөөр худалдан авч иргэдэд тулган өгч байсан явдал. Имй дутагдал гаргаж болохгүй. Орон сууцанд орох эрх авсан иргэд орон сууцнуудаас өөрөө сонгож авах боломжтой" хэмээв. Мөн тэрээр, "Урьдчилгааны асуудалд уян хатан зохицуулсан. Тухайлбал, урьдчилгаа төлөх боломжгүй байгаа иргэн сар бүр төлөх мөнгөө тохироод явахыг зөвшөөрнө. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрөө боломжийнхоо хэрээр төлөөд сард төлөх мөнгөний хэмжээг багасгахыг мөн дэмжинэ" хэмээгээд энэхүү хөтөлбөрийг 6-7 дугаар сард хэрэгжүүлж дуусгана хэмээлээ. 


Орон сууцанд хамрагдах иргэнд тавих шаардлагыг УИХ-аас баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан Засгийн газрын журамд тодорхой заасан гэдгийг тодотгов. Тухайлбал, ХӨСҮТ, Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хил хамгаалах, тагнуул, гаалийн байгууллага болон УСУГ-ын цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа зарим албан хаагчийг хамруулах ажээ. 


Эхний ээлжинд тус хөтөлбөрөөр 1300-1500 айлыг орон сууцаар хангах бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Энэ сарын 20-ноос өмнө Нийслэлийн ЗДТГ-т орон сууцны онлайн үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан иргэд орон сууцныхаа сонголтоо хийх юм. НОСК-аас тухайн орон сууцыг худалдан авч, иргэдтэй гэрээ байгуулах аж. 


Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас 100 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээлд байгаа юм. 

Холбоотой мэдээ