М.Болдсайхан: Энэ жилийн ЭЕШ-ын агуулгад тодорхой өөрчлөлт орсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-06-13 14:27:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг 2020 оны 7 дугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлосон. Энэ жил “COVID-19” халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр улс даяар хөл хорио тогтоогоод байгаа тул шалгалтын онцлог, хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын Үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.


-Удахгүй ЭЕШ эхэлнэ. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?


-Энэ жил 30 900 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчийн шалгалт өгөх газар, суудлын хуваарилалтын ажил дууссан. Шалгуулагч энэ сарын 15-наас эхлэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Боловсролын Үнэлгээний төвийн сайтаас суудлынхаа хуваарийг хэвлэж авна. Мөн энэ өдрүүдэд ЭЕШ-ын сэдэв, даалгавар  боловсруулах ажлыг тусгаарлах байранд энэ  сарын 3-наас эхлэн долоодугаар сарын 5-ныг хүртэл хийж байна. Шалгалт дууссаны дараа тусгай постод  ажилласан хүмүүс тусгаарлах байрнаасаа гардаг. ЭЕШ-ын сэдэв боловсруулахад дунд сургуулиас нэг, их сургуулиас нэг нийт  хоёр багш  оролцож байгаа. Мөн хөндлөнгийн шинжээчээр их, дээд сургуулийн нэг багш ажиллана. Тухайн сэдэв даалгавар нь хөтөлбөрийн хүрээнд нийцсэн, шинжлэх ухааны эсвэл техникийн ямар нэгэн алдаа байгаа  эсэхэд хөндлөнгийн шинжилгээ хийх юм. Түүнчлэн бэлэн болсон шалгалтын материалыг хэвлэх, олшруулах ажил хийж байна. Хэвлэсэн материалыг уутлаж савлах, шалгалтын байранд хүргэх 20 оюутан, харуул хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, ЭЕШ-ын ажилд оролцож байгаа хүмүүст үйлчлэх ажилчдыг тооцвол 70 орчим хүн байна. Тэд 24 цагаар бүрэн камержсан, интернэт, сүлжээгүй газарт сэдэв даалгавар боловсруулж байна.

Боловсруулсан даалгаврыг энэ сарын 27, 28-наас эхлэн орон нутаг руу хүргүүлнэ. Энэ ажлыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн алба гүйцэтгэдэг. Тэгэхээр нууцлалын өндөр зэрэглэлд явуулдаг гэсэн үг. Хүний нөөцийг бэлтгэх сургалтыг энэ сарын 15-наас эхлэн явуулна. Шууд засах шилэн технологийг ашиглан шалгалтын дүн оноог газар дээр нь засаж мэдээллэх хүмүүсийн сургалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулна. Шалгалтын байранд ажиллах багийн ахлагч, сэдэв хариуцагч, шалгалтыг зохион байгуулагч багш нарын сургалтыг ээлж дараатай явуулна. Олон хүн хамрагдах зарим сургалтыг цахимаар хийхээр төлөвлөж байна. Одоогоор хүний нөөцийн бэлтгэл ажил үлдсэн.


нэ жил ЭЕШ-ын уламжлалт зохион байгуулалтад ямар шинэчлэл оруулав?


- Боловсролын Үнэлгээний төвийн сайтаас суудлынхаа хуваарийг хэвлэж авснаар шалгалтын байрандаа хэдэн цагт ирэх, аль хаалгаар орох вэ гэдгийг тусгайлан заасан мэдээлэлтэй танилцах боломжтой. Тухайлбал, тооны  шалгалт 11 цагт эхэлнэ гэвэл нэг, хоёр, гуравдугаар хаалга гэж тус бүр нэвтрэх хэсгийг хуваарилсан. Цаг үеийн байдлаас шалгаалан төвлөрлийг сааруулах  ажлыг хийж байна. Нэвтрэх хэсгүүдэд тухайн сурагч хэдэн цагт ирэхийг тусгайлан зааж өгсөн байгаа. Шалгуулагч Б нь 10 цаг 30 минутад ирэх бол шалгуулагч Г 11 цагт гэх жишээтэй.


Аль болох төвлөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж байна. Өмнө нь 50 байранд шалгалт авдаг байсан бол энэ жил шалгалтын 85 байр бэлдсэн.  Тэгэхээр нэг шалгалтын байранд 500-600 хүүхэд ирэхээр тооцож гурван хэсгээр нэвтрүүлнэ.


-Шалгалт авч байгаа нэг ангид хэчнээн хүүхэд суух вэ?


-Шалгалтыг УОК-оос ирүүлсэн заавар зөвлөмжийн дагуу нэг ангид байгаа ширээ сандлын хоорондын зайг 1.5-2 метр болгож, нэг ангид 12 хоёр хүүхэд суулгахаар өөрчилж байна. Монгол хэл, англи хэл, орос хэлний сонсоод ойлгох чадварыг сорьсон шалгалтыг өмнө нь 50 байранд суурилуулж шалгах боломжтой байсан бол энэ жил 85 байранд сонсох төхөөрөмж шаардлагатай учраас сонсоод ойлгох чадварыг шалгах шалгалтыг хасахаас өөр аргагүй болсон.

Цаг үеийн байдалтай холбоотойгоор хоёрдугаар сараас хойш сурагчдын хичээл, сургалт тасалдсан. Хэдийгээр зайны сургалт, цахим сургалт явагдсан ч сурагч бүрт тэгш хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Зарим хүүхэд өөрийн ур чадвар, идэвх зүтгэлээр шалгалтдаа сайн бэлдсэн байж болно. Харин ийм боломжгүй сурагч хангалттай сайн бэлдэж чадаагүй байж ч болно.


Иймээс шалгалтын агуулгад тодорхой өөрчлөлт орсон. Тухайлбал, 10, 11 дүгээр ангийн сурагчдын заавал үзэх агуулгад хамруулаад 12 дугаар ангийн 3, 4 дүгээр улиралд үзэх агуулгаас зайлсхийх байдлаар шалгалтын агуулгыг боловсруулж байгаа.



-“COVID-19-ийн улмаас танхимын сургалтыг зогсоосонтой холбоотойгоор явуулсан теле хичээл сурагчдад ямар давуу талтай байсан бэ?


-Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн бүх хичээлийг телевезүүд дамжуулсан. Энэ жил төгсөж байгаа сурагчид теле хичээл үзсэнээрээ хэдэн хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, энгийн танхимын сургалтаар 17-18 судлагдахууныг долоо хоногийн турш авч 30-40 орчим цагийг анги танхимд хичээллэж. Харин телевизээр хичээл үзэж байхдаа өөрийн сонирхлын дагуу ЭЕШ бэлтгэж байгаа гурван хичээлд төвлөрч бэлдэх, бага, дунд ангидаа үзсэн хичээлүүдээ сэргээн үзэх  боломжтой болсон. Боловсролын Үнэлгээний төвөөс  1170 минутын 117 цагийн теле хийчээлийг ЭЕШ-д бэлдэж байгаа сурагчдад зориулсан. Мөн  1120 минутын 106 удаагийн онлайн давтлага явууллаа. Энэ нь тухайн хичээлээр шалгалт өгөх гэж буй сурагчдад их нэмэр болохуйц сургалт болсон.


-Шалгалтын үед сурагч хоорондын зай баримтлахаас гадна халдвар, хамгааллын өөр ямар дэглэм баримтлах вэ?


-Боловсролын Үнэлгээний төвөөс шалгалтын байранд баримтлах удирдамжийг боловсруулсан. Үүнд, шалгалтын байранд ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, нэг удаагийн бээлий тогтмол хэрэглэхээр заасан байгаа. Мөн шалгалтын байруудад ариутгал цэвэрлэгээ тогтмол хийх баг ажиллана. Ширээ, сандал, хаалганы бариул, нийтийн ариун цэврийн өрөөг хариуцсан 500 гаруй хүн 85 байранд ариутгал хийнэ. Түүнчлэн шалгуулагчийг гаднаас орж ирэхэд амны хаалт, нэг удаагийн бээлий өмссөн эсэхийг шалгаж, гарын ариутгал хийх 500 орчим хүнийг давхар ажиллуулна. Энэ удаагийн шалгалт бол сурагч, багш, манай байгууллагын хувьд ч тэр томоохон сорилт болж байна. Ийм учраас эцэг эхчүүд, хүүхдүүд аль аль талдаа хичээхээс гадна аймаг, нийслэлийн боловсролын газрууд маш идэвх санаачилгатай байх хэрэгтэй.


-Шалгалтын үеэр олон хүн ажиллах юм байна. Тэдгээр хүнийг хэрхэн сонгох вэ?


-Тодорхой байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг ажиллуулна.  Энэ жил 30 мянга гаруй сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Нэг хүүхэд гурван шалгалт өгнө гэж тооцвол давхардсан тоогоор 100 мянга гаруй хүүхэд шалгалт өгнө гэсэн үг. Эдгээр хүүхдийн гарыг ариутгах ариутгалын бодис, бээлий, амны хаалт зэргийг худалдан авах хөрөнгө мөнгөний асуудал үүссэн. Үүнийг холбогдох яам, тамгын газарт танилцуулж төсвөө гаргуулсан. Энэ удаагийн шалгалтыг эрүүл мэндийн хатуу дэглэмийн дор зохион байгуулна гэж ойлгож болно.


-ЭЕШ-ын босго оноог хэрхэн тогтоосон бэ?


-Улаанбаатар хотын төрийн өмчийн дээд сургуулийн босго оноо 480, хувийн хэвшлийн сургуульд 410, хөдөө орон нутгийн сургууль 400 оноогоор тогтоож байна. Энэ бол сурагчдын хувьд тийм ч өндөр босго биш. Бүх хүүхдүүд 3-4 шалгалтыг сонгож өгдөг учраас энэ жил шалгалт өгч буй сурагчдын 85 хувь нь их сургуульд элсэн суралцах боломжтой. 


-ЭЕШ-ын сэдэв, даалгаврыг нууцлалын өндөр зэрэглэлд явуулдаг гэдэг ч жил бүр л даалгавар задарсан тухай яриа гардаг?


-Сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй. Жилд ойролцоогоор 40 мянга орчим хүүхэд шалгалт өгдөг. Тэдгээр хүүхдийн аав, ээж, ах дүү, хамаатан садан гээд 200 мянга гаруй хүний анхаарлын төвд байдаг учраас ЭЕШ бол сонгуулийн дараа орох  үндэсний хэмжээний томоохон ажил юм. Тиймээс шалгалттай холбоотой сайн, муу яриа жил бүр  гардаг. Зарим хүүхдийн өндөр оноо авах, эцэг эхийнх нь сайн сургуульд хүүхдээ оруулахыг хүссэн хүсэл дээр нь дөрөөлж хялбар аргаар мөнгө олохоор залилан хийх хүмүүс ч гарч ирдэг. Олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаяг нээж, шалгалтын сэдэв, түлхүүр задарсан гэх хуурамч мэдээлэл тараах тохиолдол байдаг. Ийм зүйл гарсан тохиолдолд Боловсролын Үнэлгээний төвөөс ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хандаж тухайн цахим хаягийг хаалгах, буруу ташаа мэдээлэл тараасан этгээдийг илрүүлэх зэргээр гэм хохирлоо арилгуулна. Тиймээс ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаар орж үнэн зөв, албан ёсны мэдээллийг авах боломжтой.

Холбоотой мэдээ