"Плэйтайм" хөгжмийн наадам жилээр хойшлогдов

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2020-06-14 17:20:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 7 дугаар сарын 3-5-нд болохоор товлоод байсан амьд хөгжмийн "Плэйтайм-2020" хөгжмийн наадам бүтэн жилээр хойшлогдож байна. 

Дэлхий даяар "COVID-19"-ийн халдварын цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийг хамарсан урлаг соёлын үйл ажиллагааг хязгаарлаж, олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдож байгаа учраас энэ жилийн наадмын товыг бүтэн жилээр хойшлуулан 2021 оны 7 дугаар сард хийхээр болсноо зохион байгуулагчид мэдэгдлээ. 

Энэ жилийн наадмын тасалбарыг анх удаагаа цахимаар борлуулаад байсан юм. Гэвч нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн худалдан авсан тасалбар ирэх оны "Плэйтайм" наадамд албан ёсоор шилжин хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мэдэгдлээ.


Тиймээс "Плэйтайм-2020" наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 онд болох наадмын шинэчилсэн тасалбарыг имэйль-ээр хүргүүлэх аж. Ингэхдээ тасалбар бүрт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх урамшууллын ваучерыг мөн хүргүүлэх аж. Ингэснээр 2021 онд наадмын бэлэг дурсгал, ундаа, шар айраг худалдан авахдаа ашиглах боломжийг бүрдүүлжээ. 

Ирэх онд амьд хөгжмийн "Плэйтайм" наадмын 20 жилийн ой тохионо. Тиймээс 2021 оны наадамд оролцох хамтлагууд олон болж, хамрах хүрээ өргөжин, агуулгын хувьд улам баялаг болно гэдгийг дуулгалаа. 


Холбоотой мэдээ