Чатбокс үйлчилгээг 63 хүүхэд авсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-15 13:04:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Чатбокс үйлчилгээ нь 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс ажиллаж эхэлжээ.


Коронавирусний халдварын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхэд хүчирхийлсэн гэмт үйлдлийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах чатбокс үйлчилгээнд сүүлийн 10 хоногийн байдлаар нийт 63 хүүхэд, өсвөр үеийнхэн холбогджээ. Тэд хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг авсан байна. Насны хувьд 12-17 насны хүүхдүүд түлхүү холбогджээ.


Чатбокс үйлчилгээнээс тусламж авсан хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголт, үерхэл нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, сэтгэл гутрал зэрэг асуудлаар зөвлөгөө авсан бөгөөд хоёрыг нь Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд шилжүүлсэн байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, чатбокс үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйчдээс 24 цагийн турш чатаар зөвлөгөө авах боломжтой юм байна.


Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:


Хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудалд зөвлөгөө өгч, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;


Чатбоксоор хүлээн авсан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийн мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд яаралтай шилжүүлэх, холбон зуучлах;


“COVID-19” вирусээр халдварласан хүүхэд ба тэдний гэр бүл нийгмээс тусгаарлагдах, эрүүл мэнддээ санаа зовних, вирусын халдварын тархалттай холбоотой айдаст автах гэх мэт олон хэлбэрийн стресс дарамтад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, чатбоксоор зөвлөгөө өгөх;


Хүүхэд, өсвөр үеийнхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллүүд боловсруулж түгээх;


“COVID-19” вирусээр халдварлаж эмнэлэгт хэвтсэн, хөл хорионд орсон хүүхэд эцэг эхийн анхаарал халамжаар дутаж, хараа хяналтгүй болох магадлалтай тул хүүхэд, эцэг эх, үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудад зориулсан зөвлөмж мэдээлэл боловсруулж түгээх, чатбоксоор хандсан үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх;

Холбоотой мэдээ