Энэ жилийн ЭЕШ-д гурав, дөрөвдүгээр улирлын хичээлийн агуулга орохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-06-15 17:32:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг өнөөдрөөс цахимаар олгож эхэлсэн талаар БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Улсын хэмжээнд 30 902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгуулагч БҮТ-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээр нэвтэрч “Суудлын хуваарь” хуудсыг хэвлэн авах боломжтой юм.

БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Улсын хэмжээнд ЭЕШ-ыг 50 байранд явуулдаг байсан бол энэ жил 85 байранд зохион байгуулахаар бэлтгэлээ. Шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол нэлээд гардаг тул шалгуулагч шалгалт өгөх байраа сайтар нягталж, мэдэж авах хэрэгтэй. Өмнө нь бичиг баримтаа шалгуулаад шууд ордог байсан бол энэ жил шалгуулагчийн эрүүл мэндийн байдал, биеийн халууныг хэмжих зэргээр нэмэлт цаг шаардагдах тул хуваарилалтыг нарийвчлан гаргасан.

БҮТ-ийн ЭЕШ хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат: Шалгалтын байрны гадна болон дотор талд иргэдийг олноор, нэг дор цуглуулахгүй учраас шалгуулагч заасан цаг хугацаанд зохих журмын дагуу нэвтрэн орно. Энэ жилийн гол өөрчлөлт бол 12 дугаар ангийн гурав болон дөрөвдүгээр улиралд теле хичээлээр үзсэн сэдвийн агуулгыг оруулахгүй юм. Гурав, дөрөвдүгээр улиралд үзсэн сэдвийн агуулгыг 10,11 дүгээр ангид үзсэн агуулгаар нөхөж оруулна.

 

Шалгалтын байрны гадна нэвтрэх гурван хэсгийг зааглан тэмдэг тавих юм. Шалгуулагч суудлын хуваарьт заасан хэсгээр, тодорхой цагт нэвтэрч,  халуунаа шалгуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэнэ. Үүний дараа бичиг баримтаа шалгуулж шалгалтын дэгийн дагуу цуваагаар шалгалтын байр руу нэвтрэх аж. Нэг ангид 12 хүртэлх хүүхэд, хоорондын зай 2 метр байна.

 

Мөн шалгалтын байр бүрт тусгай ангийг бэлджээ. Уг ангид халуурсан, эрүүл мэндийн хувьд анхаарал татсан шалгуулагчийг оруулан, тусгайлан бэлтгэсэн хувцас хэрэглэл бүхий багш шалгалт авах юм. Шалгалтын сэдэв, даалгаврыг ТЕГ-ын Төрийн тусгай шуудангийн алба, ЦЕГ-ын Хамгаалалтын газартай  хамтран нууцлалын маш өндөр түвшинд хүргэнэ. 

Дүн оноо гаргах, засах үйл ажиллагааг шууд засах шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр бүрээс тусгай цахим хаягаар ”LIVE”-аар мэдээлэх юм.

 

И.Даваадорж 

Холбоотой мэдээ