Шинэ Зеландад 24 өдрийн дараа дахин халдвар илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-16 12:36:24

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландад 24 өдрийн дараа коронавирусний халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тохиолдол 1506 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.  


Халдвар илэрсэн хоёр хүн хоёулаа ойр дотныхоо хүний ​​оршуулганд оролцохоор Их Британиас Шинэ Зеландад ирсэн хүмүүс аж. Шинэ Зеландад хэрэгжиж буй журмын дагуу тэднийг тусгаарласан байсан бөгөөд найз нөхөд, хамаатан садантайгаа уулзаагүй байна. Онош батлагдсаны дараа халдвар илэрсэн хүмүүсийг хорио цээрийн тусгай төвд тусгаарлажээ. Өвчтөнүүдийг бүрэн эдгэрсэний дараа энэ төвөөс гаргах аж.  


Шинэ Зеландад мөн тавдугаар сарын 25-наас хойш коронавирусээр халдварласны улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй болохыг тус улсын Эрүүл мэндийн яам дурдсан байна. Тус улсад нийтдээ 22 хүн коронавирусний халдвараар нас барсан бол 1482 өвчтөн эдгэрчээ. Шинэ Зеландад халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 28-нд бүртгэгдсэн байна.


Халдварын тархалтын байдал сайжирсны дараа Шинэ Зеландын эрх баригчид бүх хязгаарлалтыг цуцалжээ. Түүнчлэн гадаадын иргэдэд хилээ хэсэгчлэн нээсэн боловч виз олгохдоо Шинэ Зеландын иргэдийн хамаатан садан, найз нөхдөд давуу эрх олгож байгаа аж.


Холбоотой мэдээ