Сум дундын отрын бүс нутгийн бэлчээрийн судалгаа хийж баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-18 11:41:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бүс нутгийн бэлчээрийн судалгаа хийж, баталгаажуулахаар болжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ХХААХҮЯ-ны МААХБЗ-ын газрын дарга Д.Батмөнх, тус газрын тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, МААЭШХ-ийн ажилтан Н.Хишигсүрэн нар тус аймагт энэ сарын 17-нд ажиллаж, аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтан, ажилтнуудтай уулзаж, орон нутгийн бэлчээрийн ашиглалт, тулгамдсан асуудлуудын талаар ярилцан, төлөвлөгөө гаргасан байна.

Тухайн орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бэлчээр ашиглалтын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг 2020 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, суурь судалгаа авсан бөгөөд ирэх есдүгээр сарын 20 хүртэл тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.

Тодруулбал, энэ хугацаанд орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бүс нутгийн бэлчээрийн судалгаа хийж, аймгийн хэмжээнд шинээр 205,1 мян/ га бэлчээрийг сум дундын отрын бүс нутгаар батлуулах, сум дотроо ашиглах боломжтой отрын нөөц бэлчээр тогтоож, тусгай хэрэгцээнд авсан бэлчээрийн талбайг энэ ажлын үеэр баталгаажуулж газрын нэгдмэл мэдээллийн санд бүртгүүлэх ажлуудыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн сум дундын отрын бүсэд Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын нутагт орших Дундын нурууг бүхэлд нь хамруулах, Өлзийт сумын нутаг Их, Бага Хонгилын зоо, Загийн гүний худаг, Баянбулгийн хоолой, Хонгорын зоо, Арслангийн цав, Номгон, Хүрээгийн хоолой, Орвогийн говь, Улааннуурын худаг Идэрийн зоо орчмын нийт 200,0 мянган га газрын сум дундын отрын бүс нутгийн бэлчээр, бэлчээрийн хэв шинжийг тодорхойлон, отрын бэлчээрийн хил заагийг баталгаажуулж, газрын нэгдмэл мэдээллийн санд оруулах ажлыг мөн гүйцэтгэх юм.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн газар нутгийн 10 хүртэл хувийг нөөцөлж, цаг хүндэрсэн үед ашиглах тухай тусгасан байдаг бөгөөд түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг бэлчээр хүндрэлтэй найман аймагт ийнхүү эхлүүлээд байгаа ажээ.  

Холбоотой мэдээ