Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг Дэлгэрхангай уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-18 16:32:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг Дэлгэрхангай уул далайн түвшнээс дээш 1920 метр өндөрт өргөгдсөн сүрлэг, сайхан хайрхан юм. Говь нутгийг ихэнхдээ тал, хээр газраар төсөөлдөг хүмүүст энэ нь их сонирхолтой санагдах буй за.

Энэ уулаар нэрлэгдсэн сумын харьяат Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров энэхүү шүтээн уулаа “Дэлгэрхангай уулан дээрээс дэлхийн бараа харагдана хэмээн шүлэглэсэн байдаг.

“Шүтээн” гэхийн учир нь энэ хайрхан төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог, эртний төрийн тахилгатай уул ажээ.

Эрт цагт Дэлгэрхангай уул Инэл хан нэртэй байсан гэх бөгөөд энэ нь “энгүй их, маш их, их юмны таг” гэсэн утгатай гэдэг.

Энэ хайрханы яг орой дээр байх хэвлий маягийн том талбайг “Алтан тэвш” гэдэг. Монгол Улсын түүхэн их хүмүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны хүү Автай сайн хаан гэгч Далай ламаас Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга бүхий уул Инэл ханд “уулсын хаан” буюу Дэлгэрхаан (төвөдөөр Даржаалба) цол зарлигаар олгуулж, түүнээс хойш төрийн их тахилгатай болгон Дэлгэрхангай хэмээн нэрлэх болсон гэх түүх бий.  

Дэлгэрхангай уулын энгэр талд “Тэвшийн” хэмээх жижиг салбар уул бий. Түүний Хөшөөтийн аманд нэгэн онцгой том булш байх ба эзэн богд Чингис хааны онгон байж болох талтай хэмээн үзэх судлаачид ч байдаг аж.

Тэрхүү амны хяраар их эртний байж болохоор зам гарсан байдаг. Түүнийг өдгөө “Хүрээ зам” гэдэг ажээ. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй байх агаад доогуураа нөгөөх булштай холбогддог гэх яриа ч  бий.

Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бүдүүн том могой байдаг гэцгээдэг. Хайрхан уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хүний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай ёнзон хамба Дамцагдоржийн зохиосон “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга, тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг аж. Уулын орой дээо эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг гэдэг.

Дэлгэрхангай уулыг 2011 онд улсын тусгай хамгаалалтад байгалийн нөөц газрын ангиллаар авсан бөгөөд жил бүр энэ уулын тахилга болдог.

Энэхүү хайрханыг онцлохын учир гэвэл Дэлгэрхангай сумаас аймгийн хэмжээнд хамгийн олон алдартан гавьяатууд төрөн гарсан онцлогтой.

Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр, Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав гээд баатрууд, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров, Гавъяат алдарт зохиолч, яруу найрагч С.Буяннэмэх, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт кино зураглаач Ойдовын Уртнасан, Төрийн шагналт, зохиолч Дармын Батбаяр, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач Цэрэнжавын Доржпалам, УГЗ, Ардын зураач Ц.Доржпалам, Гавъяат жүжигчин, дуурийн дууч Ардын элч киноны Ариунаагийн дүрээр олонд танигдсан П.Цэвэлсүрэн, Гавьяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Г.Батсүх, Гавъяат жүжигчин, алиалагч Д.Батсүх, Гавьяат жүжигчин, морины дуучин Ж.Нансалмаа, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш гээд алтан үеийн олон дуучид, жүжигчид, алдартай зохиолчид энэ нутгаар овоглодог.

Мөн Хүний гавъяат эмч Будын Хас, Малын гавъяат эмч С. Бямбаа, Гавьяат жүжигчин, балетчин Ю.Цэрмаа, Гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун, Гавьяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах гээд олон алдартнууд энэ уулын бэлээс төрөн гарсан юм. 

Холбоотой мэдээ