И.Чойжилжав: Хөл хорионы үеэр Үндэсний өв соёлоо дээдлэн суралцах боломжийг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-19 11:34:11

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ, 24 сумын ИТХ, аймгийн Боловсрол соёл урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нар хамтран “Миний Монгол-2025” хөтөлбөрийн хүрээнд хос бичигтэн цахим аяныг 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар Хос бичигтэн цахим аяны ажлын хэсгийн нарийн бичгийн дарга И.Чойжилжавтай уулзаж ярилцлаа.

-Хос бичигтэн цахим аяныг зохион байгуулж буй зорилго юу юм бол?

-УИХ-аас “Монгол хэлний тухай” хуулийг 2015 онд баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичиг, үсэгтэй холбоотой зарлигууд гарч, Засгийн газраас 2013 онд 37-р тогтоол, 2020 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг батлан төрийн бүх шатны байгууллагуудыг үүрэгжүүлсэн билээ. Ингэснээр төрийн бүх албан хэргийг 2025 оноос кирилл монгол хос бичигт, улмаар 2030 оноос монгол бичигт бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс Монгол хэлний тухай хууль, Монгол хэлний талаар гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын зорилтыг хэрэгжүүлэх. Хорио цээрийн дэглэмийн үед хүүхэд гэр бүлтэйгээ хамтран гэрээсээ цахимаар оролцох, монгол үндэсний ёс заншил, өв уламжлалаасаа суралцах. Гэр бүлийн таатай орчин бүрдүүлэх. Хүүхэд хамгааллын ба хүүхэд, өсвөр үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор манай аймаг Хос бичигтэн цахим аяныг зохион байгуулж байна.

-Аянд бүх насныхан хамрагдаж байгаа юу? Хэдэн үе шаттай зохион байгуулж байна вэ?

-Хос бичигтэн цахим аянд Завхан аймгийн нийт ерөнхий боловсролын 29 сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчид, тэдгээрийн эцэг, эх, ах эгч дүү зэрэг гэр бүлийн гишүүд нь хамрагдаж байгаа. Мөн мэргэжлийн бус багш нар, Завхан аймагт хэрэгжиж буй “Миний Монгол-2025” төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч хүүхдүүд, төрийн албан хаагчид, иргэд сонирхогчид нээлттэй оролцож болно. Хос бичигтэн аяныг гурван шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал нэгдүгээр шат нь дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж тавдугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжилж дүгнэгдэнэ. Харин хоёрдугаар шат нь тавдугаар сарын нэгний өдрөөс эхэлж долоодугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжилж дүгнэгдэнэ. Гуравдугаар шат нь долоодугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилж нэгдсэн дүн гарах юм. Одоо мөрдөгдөж байгаа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хугацаанд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй бөгөөд тухай бүр нь аяныг зохион байгуулах комиссоос шуурхай мэдээлнэ.

-Аяны шат бүр зохион байгуулалтын хувьд өөр өөр байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Хос бичигтэн аяны нэгдүгээр үе шатанд “Миний Монгол-2025” төсөлд хамрагдаагүй анхлан суралцагчид баг бүрдүүлж оролцоно. Тухайн баг нь гэр бүлийн гишүүдээс бүрдсэн гурван хүнтэй байх ба багийн ахлагч нь суралцагч өөрөө байна. Багт эцэг эхийн аль нэг нь заавал оролцох ба гишүүн бүр бүтээл туурвина. Ингэхдээ гэртээ, гэр бүлээсээ харилцан суралцаж монгол өв соёл, зан заншил, монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг илэрхийлсэн хамгийн ховор нандин сургаал үг, зүйр цэцэн үгсийг эрэлхийлэн олж бийрийн бичлэгээр бичиж бүтээл болгон хаяглаж зохион байгуулах комисст илгээнэ.

Өөрөөр хэлбэл тухайн сумынхаа ерөнхий боловсролын сургуулиас томилогдсон шалгаруулах комисст бүтээлээ цахимаар ирүүлнэ. Нэгдүгээр шатанд оролцож буй багууд нь бүтээл туурвиж байх үеийн үйл ажиллагааны зураг, товч тайлангаа хамт ирүүлсэн байх ёстой. Мөн баг бүрдүүлж, бүтээл туурвих үедээ аймгийн ИТХ, Боловсрол соёл, урлагийн газар болон монгол хэлний мэргэжлийн багш нар, “Миний Монгол-2025” төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч хүүхдүүд ба уран бичигтэн хүн бүхнээс цахимаар нээлттэй зөвлөгөө зөвлөмж авч болох юм.

-Аяны нэгдүгээр шат өндөрлөсөн байна. Нэгдүгээр шатанд аймгийн хэмжээнд нийт хэчнээн баг оролцож бүтээлээ ирүүлсэн бэ?

-Аяны нэгдүгээр шат дууссан. Аймгийн хэмжээнд 322 баг оролцож 966 бүтээл зохион байгуулах комисст ирсэн байна. Эдгээр бүтээлүүдээр Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг угтаж сум сургууль бүр үзэсгэлэн зохион байгуулсан.

Мөн “Хос бичигтэн аяныг Монгол Улсын Төрийн соёрхолт ардын багш Ш.Чоймаа сайшаан магтаж Завханчуудад амжилт урам өгсөн ярилцлага мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан. Энэхүү ярилцлага мэдээлэл оролцогчдод маш том урам өгсөн шүү.

Нэгдүгээр шатанд оролцож буй багуудад бид А3-аас доошгүй хэмжээний муутуу цаасан дээр хоёр зүйр цэцэн үг, сургаал үг бичнэ. Мөн бичлэгийн хэлбэр тэгийг зөв гаргасан байна. Зөв бичих дүрмийн алдаагүй байна. Тэгш хэм, зүй тогтлыг баримталсан, өнгө дизайн сайтай байна. Бүтээлээ “Хос бичигтэн аян” пэйж хуудсаар нийтэлсэн байх шаардлагуудыг тавьсан. Аянд бүтээлээ ирүүлсэн багууд тавигдах шаардлагыг биелүүлсэн байсан. Ингээд нэгдүгээр шатны бүтээлийг шалгаруулах комиссыг сургууль бүрд удирдлага, мэргэжлийн багш, сургагч хүүхэд, зэргээс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж шалгаруулсан байна.

Нэгдүгээр шатанд оролцсон, бүтээлээ ирүүлсэн багуудын бүтээлийг шалгаруулах комисс үзэж Үндэсний бичиг үсгийн баярын өмнө шалгаруулсан. Оролцсон баг бүрд аймгийн ИТХ-ын даргын “Өв соёлоо дээдлэгч гэр бүл” батламжийг олгосон. Мөн Улиастай, Тосонцэнгэл сумын сургууль тус бүрээс шилдэг таван багийг, Их-Уул сумын сургуулиас шилдэг найман багийг бусад сумаас шилдэг таван багийг шалгаруулж, хоёрдугаар шатанд оролцох эрх олгоод байна.

-Хос бичигтэн цахим аяны хоёрдугаар шатанд хэчнээн баг оролцож байна вэ? Энэ шатанд оролцож буй оролцогчдод ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хос бичигтэн цахим аяны хоёрдугаар шат тавдугаар сарын 15-наас эхэлсэн байгаа. Хоёрдугаар шатанд аймгийн хэмжээнд 144 багийн 864 хүн оролцож байна. Хоёрдугаар шат нь долоодугаар сарын нэгний өдөр дуусах юм. Эхний шатнаас шалгарсан баг бүрд “Миний Монгол-2025” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдсэн хүүхэд нэг, монгол хэлний мэргэжлийн бус багш нэг, сумын төрийн албан хаагч нэг нэмэгдэж нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн багийг бүрдүүлнэ. Сургагч хүүхэд, мэргэжлийн бус багш нь багийн гишүүдийн бүтээлийн чанар чансааг сайжруулах, зөвлөн туслах, чиглүүлэх үүрэгтэй оролцоно. Харин багийн бусад дөрвөн гишүүн тус бүр нэг нэг бүтээл шинээр туурвина.

Бүтээл нь уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаантай холбоотой сэдэвтэй монгол ардын аман зохиол, Монголын сонгодог уран зохиолын дээжсээс сонгосон наймаас доошгүй мөрт шүлэг, яруу найраг байна гэсэн шаардлага тавигдсан байгаа. Харин багуудын бүтээл нь А3-аас багагүй хэмжээний муутуу цаасан дээр бичигдсэн байх бөгөөд хүрээтэй эсвэл жаазалсан байна. Жааз нь мод, хатуу цаас, хөөсөнцөр, эсгий зэрэг гарын доорх материал ашиглан өнгө үзэмж сайтай, бүтээлийнхээ утгыг тодотгосон өнгө загвартай, туурвисан эзний нэр, хаягийг үндэсний бичгээр тодорхой бичсэн байна гэж заасан. Мөн бичлэгийн хэлбэр тэгийг зөв гаргасан, зөв бичих дүрмийн алдаагүй байна. Тэгш хэм, зүй тогтлыг баримталсан, өнгө дизайн сайтай байна гэж тус тус шаардлагыг тухайн бүтээлд тавьж байгаа юм.

Харин хоёрдугаар шатны шалгаруулалтыг сум бүрийн ИТХ нь ажлын алба, тэргүүлэгч, мэргэжлийн багш, сургагч хүүхэд, төрийн албан хаагч зэргээс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссоор хэлэлцүүлж явуулна.

Шалгаруулалтыг явуулахдаа гишүүдийн ур чадвар дээшилсэн байдал, багаар хамтран ажилласан байдлыг нь харгалзан үзнэ. Мөн эрэл хайгуул хийсэн байдал болон бүтээлийн өнгө үзэмж, дизайн, үсгийн бичлэгийн хэлбэр зэргийг харгалзан үзэж дүгнэнэ. Түүнчлэн бүтээлийг хэрхэн туурвиж, хамтран суралцаж ур чадвараа хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх фото зургаар баримтжуулсан товч тайлангаа зохион байгуулах комисст цахим хэлбэрээр заавал ирүүлсэн байна.

Ингээд сум бүрээс дараах байдлаар шалгаруулж ирүүлнэ. Үүнд Улиастай сумын сургууль бүрээс эхний хоёр байр, Тосонцэнгэл сумын сургууль тус бүр эхний гурван байр, нийт зургаан байрыг шалгаруулна. Харин Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиас дөрөв, бусад сум бүрээс хоёр бүтээлийг шалгаруулж гуравдугаар шатанд оролцуулахаар аяны журамд заасан байгаа.

-Хос бичигтэн аяны шат бүр өөр өөр онцлог журамтай зохион байгуулж байгаа юм байна. Мэдээж сүүлийн шат оролцогч багуудаас илүү их эрэлт, ур чадварыг шаардах байх?

-Тэгэлгүй яах вэ. Хос бичигтэн цахим аяны гуравдугаар шат их онцлогтой. Учир нь зуны амралтын үе таарч байгаа. Тиймээс гуравдугаар шат бол шийдвэрлэх шат. Мөн багуудаас илүү их ур чадвар, чансаатай бүтээлийг хүлээж байна. Энэ шат долоодугаар сарын 20-ноос эхэлж 9 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Зуны бүтээлч багуудыг бид шалгаруулна. Зуны хугацаанд багийн гишүүн бүр нэг хүнийг үндэсний бичигт сургасан байна.

Ингэхдээ багийн ахлагч хүүхэд найз хүүхдэдээ, төрийн албан хаагч нь төрийн албан хаагчдаа, багийн бусад гишүүд болох эцэг эх, ах эгч нь багт ороогүй гэр бүлийн бусад гишүүддээ эсвэл хамаатан, төрөл садангийн нэг хүндээ үндэсний бичгийг заавал зааж сургасан байна. Мөн мэргэжлийн бус багш соёлын төвийн аль нэг ажилтанд Үндэсний бичгийг зааж сургасан байна. Гэхдээ заавал уран бичлэг гэхгүй. Үндэсний бичиг үсэг мэддэггүй хүнд л заавал зааж сургасан байх ёстой гэсэн шаардлагыг зохион байгуулагчдаас тавьж буй юм.

Мэдээж энэ шатанд оролцогч багууд зуны бүтээлч даалгавраа хэрхэн гүйцэтгэж байгаа талаараа баримтжуулж, үйл ажиллагааны зураг хавсаргасан тайлангаа Хос бичигтэн цахим аяны аймгийн комисст ирүүлсэн байх ёстой юм.

-Хос бичигтэн цахим аянаар цор ганц, шилдэг бүтээл шалгаруулах уу?

-Тийм ээ. Эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөх шилмэл нэг бүтээлийг шалгаруулна. Бүтээл нь мөн ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг илэрхийлсэн утга агуулгатай байх бөгөөд 80см х100см-ээс багагүй харьцаатай муутуу цаас, даавуу, эсгий зэрэг материал дээр оёмол, бичмэл, хатгамал, наамал хэлбэрээр өөрийн шинэ санааг илэрхийлсэн өнгө үзэмж, хэлбэр дизайн сайтай байна. Бүтээл нь хүрээтэй, хаягтай байна. Аяны төгсгөлд гуравдугаар шатанд оролцсон бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Тэргүүн байрыг нэг бүтээлд олгож алтан медаль, өргөмжлөл, 1.2 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгоно. Ингээд дэд байр, гутгаар байр, тусгай байр хоёрыг шалгаруулж тус бүр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.  

- Хос бичигтэн цахим аяныг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрэх бол?

-Мэдээж үндэсний бичиг үсэгт хүүхэд, эцэг эх, төрийн албан хаагчид хамтран суралцаж, бичиг үсгийнхээ гайхамшгийг мэдэрснээр бусдад үлгэр дуурайл үзүүлнэ. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр Үндэсний өв соёлоо дээдлэн суралцаж гэр бүлийн гишүүдийн хамтын ажиллагаа идэвхжиж, ойлголцол нэмэгдсэнээр эерэг таатай орчин бүрдэнэ. Мөн эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэх арга ухаанд суралцаж, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжиж, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Хүүхэд, эцэг  эхчүүдийн мэдээллийн технологийн мэдлэг чадвар дээшилж, эерэг хандлагатай болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа.

-Завхан аймгийн орон тооны бус Хэлний бодлогын салбар зөвлөлөөс 2019 онд "Эх хэлний өдөр"-ийн хүрээнд төрийн албан хаагчдыг монгол бичгийг заавал сурах уриалга гаргаж байсан. Үр дүн гарсан уу?

-Аймгийн Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөл нь аймаг орон нутгийн түвшинд иргэдийн монгол хэл, үндэсний бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах хөгжүүлэх, монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрөөс эх хэл, бичиг соёлын талаар баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг удирдан чиглүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдээлэн сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ чиг үүргийн дагуу өнгөрсөн онд  "Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа найруулан бичих, зөв бичих зүйн ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулахыг уриалсан. 

Түүнчлэн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө дөрвөн зорилтын хүрээнд 12 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж үр дүн ч сайн гарсан. Өнөөдрийн байдлаар аймгийн төрийн байгууллагуудын ажилтан албан хаагч нар Монгол Улсад үндэсний бичгээр хэвлэгдэн гардаг цорын ганц сонин болох МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншдаг, суралцдаг болсон байна. Мөн Завхан аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн лхагва гарагийг "Эх хэлний өдөр" болгон захирамжилж, төрийн байгууллагуудын “Эх хэлний өдөр”-ийг зохион байгуулах удирдамжийг баталж мөрдөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа найруулан бичих, зөв бичих, зүйн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний хэл, бичгийн сургалтад хамруулах, байгууллагаараа “Хүмүүн бичиг” сониныг захиалан унших давалгаа Завханд өрнөж байна. Түүнчлэн үндэсний бичиг сайн эзэмшигч иргэний үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн гар дээр буй үндэсний бичгээр бичсэн судар номыг сурвалжлан цуглуулах, үзэсгэлэн гаргах, хаягжилт, үзүүлэн самбар, нэрийн хуудас, танилцуулга, өргөмжлөл дурсамж, мэндчилгээ, урилга, талархал зэргийг хос бичгээр бичих зэрэг үйл ажиллагаа ажил хэрэг болжээ. Байгууллагууд тэмдэглэлт баяр ёслол, төрийн шагнал, байгууллагын ойгоор хэвлэдэг өргөмжлөл, дурсгалын зүйл дээрээ заавал үндэсний бичгээрээ бичдэг болсон байна.

Мөн Завханы 24 сумын Засаг дарга нар сумандаа Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, төр, хувийн хэвшлийн хаягжилтыг эрчимжүүлэн ажилласнаар аймгийн хэмжээн дэх төрийн байгууллагуудын хаягжилт кирилл болон үндэсний бичгээрээ бичиж шинэчилсэн байна.  

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ