АНУ-ын зарим муж улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-19 11:39:14

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын 10 муж улсад энэ долоо хоногт “COVID-19” халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Мөн тэдгээрийн нэг нь халдварын дараагийн томоохон голомт болж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулcан байна.


“Манай муж улсад пүрэв гарагт халдварын 3207 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь халдвар тархаж эхэлснээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол боллоо” гэж Флорида муж улсын Эрүүл мэндийн газар мэдээлжээ. Флорид бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо тухайн өдрийн байдлаар 86 мянгад дөхжээ.


“Флорида коронавирусний халдварын дараагийн томоохон голомт болж болзошгүй үзүүлэлтүүд ажиглагдаж байна” гэж Пенсильвани муж улсын их сургууль, Филадельфиа хотын Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.


Мөн Флоридагаас гадна Алабама, Аризона, Калифорни, Невада, Хойд Каролина, Оклахома, Орегон, Өмнөд Каролина, Техаст өдөрт илэрсэн халдварын тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт өмнө нь бүртгэгдээгүй өндөр хэмжээнд хүрснийг “CNN” сувгийн мэдээлэл харуулжээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэлд тулгуурлан муж улсуудын нөхцөл байдлыг дүгнэвэл,

  • Халдварын шинэ тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад нэмэгдсэн 23 муж улс: Алабама, Аляска, Аризона, Арканзас, Калифорни, Делавэр, Флорида, Жоржиа, Хавайи, Айдахо, Канзас, Орегон, Луизиана, Монтана, Невада, Хойд Каролина, Оклахома, Өмнөд Каролина, Теннесси, Техас, Вашингтон, Баруун Виржиниа, Вайоминг.
  • Халдварын шинэ тохиолдлын тоо тогтвортой байгаа найман муж улс: Индиана, Мэн, Миссисипи, Миссури, Небраска, Охайо, Өмнөд Дакота, Юта.
  • Халдварын шинэ тохиолдлын тоо буурч буй хандлага ажиглагдсан 18 муж улс: Колорадо, Коннектикут, Иллинойс, Айова, Кентукки, Мэриленд, Массачусетс, Мичиган, Миннесота, Нью-Хемпшир, Нью-Мексико, Нью-Жерси, Нью-Йорк, Хойд Дакота, Пенсильвани, Род-Айленд, Виржиниа, Висконсин.
  • Халдварын тохиолдлын тоо 50 хувиар буурсан нэг муж улс: Вермонт.

АНУ-д өнөөдрийн байдлаар 2.1 сая хүн халдвар авч, 118386 хүн халдвараар нас баржээ. 

Холбоотой мэдээ